Р.Ренчиндулам
Сонгогдсоноосоо хойш татвараар дэлхий нийтийг айлгаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ээлжит “бэлгээ” барилаа. Тэрээр АНУ-д нийлүүлэх бүх төрлийн ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулахаар болжээ. “Theguardian”-д бичсэнээр бол Ерөнхийлөгч шийдвэрээ энэ 7 хоногт баталгаажуулах юм байна. Магадгүй мягмар, эсвэл лхагва гаригт татвар хүчин төгөлдөр болохыг тэр үгүйсгэсэнгүй.
"Маш энгийнээр хэлэхэд тэд биднээс төлбөр авах юм бол бид ч адилхан төлбөр авна" гэж Трамп онцлон хэлжээ. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа АНУ-д импортолдог ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж байсан ч удалгүй Канад, Мексик, Бразил зэрэг худалдааны түншүүддээ татваргүй квот олгосон билээ. Жо Байдены загаслалын үед АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах нь буураад байсан юм.
Трамп сүүлийн жилүүдэд Америкийн өрийн талаар байнга ярьж байгаа. Өрийг бууруулахад ч анхаарах төлөвтэй байгаа юм. Дэлхийн санхүүгийн системд гол үүрэг гүйцэтгэдэг АНУ-ын төрийн сангийн мэдээлснээр АНУ одоогоор 36.2 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй байгаа. Трамп тэрбумтан Илон Маскт холбооны засгийн газар дахь луйвар, үргүй зардлыг бууруулах үүрэг өгснөөр шат дараатай ажлууд эхлээд байгаа юм.
Америкийн төмөр ба гангийн хүрээлэнгийн мэдээлснээр, АНУ-ын гангийн импортын гол тоглогчид нь Канад, Бразил, Мексик, БНСУ, Вьетнам юм. Тэр дундаа Канад улс 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт импортын 79 хувийг эзэлж байна. Харин Мексик улс хөнгөн цагааны хаягдал, хөнгөн цагааны хайлшийн гол нийлүүлэгч юм.