Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн байгууламжуудын угсралтын гэрээг байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах Ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанитай инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг өчигдөр /2025.02.06/ байгууллаа. 

Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр тоот тогтоолоор тус гэрээг байгуулах эрхийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д олгосон юм. Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн 7 нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд юм. Уг 7 байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэх юм.

Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын технологийн лицензээр барьж байгуулах юм. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгажээ. Тодруулбал, 

- Устөрөгчийн үйлдвэр (HGU) - Италийн “Kinetics Technology”

- Хүхэр ялгах байгууламж (SRU) - Францын “Axens”

- Бензин боловсруулах байгууламж (MS Block) - АНУ-ын “UOP Honeywell”

- Гидрокрекинг (HCU) - АНУ-ын “UOP Honeywell”

- Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT)- АНУ-ын “UOP Honeywell”

- Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPGU) - АНУ-ын “UOP Honeywell”

- Висбрекинг (VBU) - Нидерландын “Shell” тус тус гүйцэтгэх юм. 

Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай MEIL компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх 7 байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээлээ.

БНЭУ-ын Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа. Тухайлбал, 

o EPC 01: Технологийн бус барилга байгууламж

o EPC 02: Атмосферийн болон Вакум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд

o EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц

o EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд зэрэг багтаж байгаа юм. 

Эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах иргэний 9 барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны 11 сард улсын комисс хүлээн аваад байна.

EPC 02, EPC 03 багц ажлын хувьд байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, эстакадын ган бүтээцийн угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусч байна.

Эдгээр багц ажлуудын инженерийн нарийвчилсан зураг төслийн ажилд Испанийн “Intecsa”, Германы “Siemens”, АНУ-ын “Foster Wheeler” зэрэг компаниуд оролцож байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг улс орнуудын мянга гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам