Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ж.ЗОЛЖАРГАЛ: НЭГ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ ҮҮСЭХГҮЙ БОЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР НYYPC НИЙЛҮҮЛЖ БОЛНО

Р. Ренчиндулам

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс. Өнгөрсөн жилийн тухайд улсын хэмжээнд 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн амжилт үзүүллээ. Нүүрсний салбарын амжилт, алдаа, оноо, цаашдын чиг хандлагын талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

Ta нүүрсний салбарт олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүдийн нэг. Өнгөрсөн оны нүүрсний салбарын ололт амжилт, алдаа оноог хэрхэн дүгнэх вэ?

Өнгөрсөн онд Монгол Улсын нүүрсний экспорт өссөн дүнтэй гарсан. Экспорт нэмэгдэж байна гэдэг нь нэг талдаа том амжилт. Дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний эх үүсвэрүүд шинээр баригдаж байна. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок өнгөрсөн онд ашиглалтад орсон. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30МВт-ын дулааны цахилгаан станц /ДЦС/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 50 МВт-ын ДЦС, Төв аймгийн Баян суманд 660 МВт- ийн ДЦС барих ажил эхлээд явж байна. Энэ жишгээр ДЦС-ууд баригдаад явбал Монголын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбар тэр хэрээр өснө. Гэхдээ эрчим хүч, нүүрсний салбар бизнесийн зарчмаар ажиллаж, зах зээлийн үнэ тарифтайгаа уялдах ёстой. Өнгөрсөн жилээс эхлээд энэ бүхэн алхам алхмаар шийдэгдэж байгаа нь бас нэг том амжилт. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт нэмэгдэж, дотоодын хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж байгааг амжилт гэж дүгнэж байна.

Төрийн өмчит компани нүүрсээ хил нөхцөлөөр, биржээр арилжаалах хуулийн зохицуулалттай. Энэ зохицуулалт сүүлийн хоёр жилд амжилттай хэрэгжсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2024 онд экспортолсон нийт нүүрснийхээ ойролцоогоор 50%-ийг биржээр, 50%-ийг урьд нь байгуулсан оффтейк гэрээний дагуу арилжаалсан. Энэ нь бас амжилт.

Сүүлийн саруудад нүүрсний зах зээлийн худалдан авалт багассан шалтгаанаар биржийн арилжаа тодорхойгүй хугацаагаар зогссон байх. Түүнээс биш биржийн арилжаанд хүндрэл үүссэн гэж үзэхгүй байна. Монгол Улс нэгэнт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсан тул одоо үргэлжлүүлэн түүний хэрэгжилтэд анхаарал хандуулах ёстой. Түүнчлэн нэгэнт байгуулсан стратегийн ач холбогдолтой томоохон гэрээнүүд цаашид үргэлжлэх нь дамжиггүй.

"Чайна энержи"-тэй урт хугацааны, томоохон хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах талаар Засгийн газар УИХ-аас чиглэл аваад ажиллахаар боллоо. Энэ хэлэлцээрийн дагуу шууд худалдан авалтууд хийгдэх байх. Энэ бүхэн хэрэгжсэн ч Эрдэс баялгийн биржийн арилжаа үргэлжлэх ёстой. Биржийн ажиллах нөхцөл, боломжийг хадгалж үлдэх шаардлагатай.

Нэг талаас геополитикийн эрсдэлтэй цаг үед урт хугацаандаа тогтмол худалдан авагчтай болсноор экспортын орлого тогтвортой байна. Нөгөө талаас бирж ч үнийн дефляцид өртөх эрсдэл багасна. Гэхдээ зөвхөн том худалдан авалтад найдаад үлдэж болохгүй. Шинэ худалдан авагч орж ирэх орон зайг нээлттэй үлдээх ёстой. Зах зээлийн эрэлт өсөж, нүүрсний үнэ өссөн тохиолдолд ахиу ашиг олох боломжийг байнга нээлттэй үлдээх ёстой. Өөрөөр хэлбэл, манайхаас нүүрс авахдаа биржээр дамжиж орж ирэх шинэ худалдан авагчдад тэр боломжийг үлдээх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр шууд буюу биржийн болон том худалдан авалтын гэрээний аль аль нь зах зээлд байх ёстой гэж үзэж байна.

Хятадын төрийн мэдлийн "Чайна энержи"-тэй урт хугацааны гэрээ байгуулснаар нүүрсний тогтмол худалдан авагчтай болох ч нөгөө талаас үнийн асуудал хөндөгдөж байна. Тиймээс энэ гэрээ хэр ашигтай вэ, сайжруулах зүйл байна уу?

Урт хугацаанд, байнгын тогтвортой худалдан авагчтай болох нь манайд хэрэгтэй зүйл. Гэхдээ Хятадын талын эрх ашгийг хүндэлж үзэх ч манай талын байр суурь тэдний хүсэлд яв цав нийцэж байх албагүй. Төмөр замаар хилээ холбохын тулд нүүрсний гэрээг хамтарч байгуулна, үнэ, нөхцөлийг сонголтгүй тулгаад байвал ямар ч хэлэлцээр үр дүнд хүрэхгүй. Наанадаж зөвхөн коксжих нүүрсийг сорчлохгүй байх, гурван төрлийн нүүрс нийлүүлэх, биржээс гадуур хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх нүүрсний хэмжээ нь Монгол Улсын нүүрсний нийт экспортод давамгайлсан жин дарахгүй байх тохиолдолд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлж болно гэж үзэж байна.

2025 онд 83.3 сая тонн нүүрс экспортолно. 1 тонныг нь 129 ам.доллароор арилжина гэж төлөвлөсөн. Энэ хэр бодит тоо вэ?

Миний тооцоолж байгаагаар зах зээлийн бодит үнэлгээ Нэг тонн нь 129 ам.доллароос ч бага байх магадлалтай байна. 

Төлөвлөснөөс бага байх энэ тохиолдолд улсын төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Нүүрсний хэмжээний тухайд 83.3 сая тонныг гаргаж чадна. Гэхдээ үнэ нь Хятадын эрэлт хэрэгцээнээс хамаарна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын асуудал ид яригдаж байна. Боомт холбогдсоны дараа үүсэх ач холбогдол, эрсдэлийн талаар ч их ярьж байна. Таны хувьд Монголын нийт нүүрсний үнэ унах эрсдэлтэй гэж онцолсон, яагаад тэгж хэлсэн юм бол?

Хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулах шаардлага бол байгаа. Гэхдээ "Чайна-Энержи" компанийн зүгээс хил холболтыг нүүрсний худалдаанаас тусад нь авч үзэхгүй, заавал нүүрс худалдан авалтын гэрээтэй цуг хийнэ гэсэн хүсэлтийг Монголын талд тавьсан. Тэр нь нэг талаар байж болох л санал. Хил холболт хийгээд ахиу нүүрс арилжих нь манай эдийн засагт нэмэртэй ч нөгөө талаас эрсдэл, анхаарах зүйл бий. Тиймээс УИХ-д зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал гаргаж, тайлбарласан. Нэг нь л дэмжигдсэн.

Нэгдүгээрт, Хятадын талын ирүүлсэн албан бичигт жилд 20 сая тонн коксжих нүүрс авах талаар дурдсан байсан. Тавантолгойн орд нь коксжих, сул коксжих, эрчим хүчний гэсэн з коксжих нүүрс тонн коксжих нүүрс олборлосноор сорчлон олборлох, нөөцийн бусад хэсгийг хаях, бусад худалдан авагчдад өгөх коксжсон нүүрсгүй худал эрсдэлтэй. Тиймээс ордоос гарах нүүрсний төрөл, хэмжээнд уялдуулаад дээрх 3 төрлийн нүүрсний аль алийг нь багтаасан байдлаар гэрээнд тусгах шаардлагатай байна. Энэ санал УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр дэмжигдсэн.

Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК нь энэ жил анх удаа 30 гаруй сая тонн нүүрс олборлосон. Энэ тоо нэмэгдээд 40 сая тонн боллоо гэхэд талыг нь "Чайна Энержи"-д өгөхөөр болж байгаа юм. Ингэхдээ хөнгөлөлттэй үнээр. Тэр үнийг "Чалко" компанийн нүүрсний үнэ тогтоодог зарчмаар явуулах хүсэлтийг манайд ирүүлсэн. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд экспортын хэмжээ 80 сая, 100 сая, 120 сая тонн байгаа тохиолдолд энэ том компанид хөнгөлөлттэй үнээр нүүрсээ өгч болж байна. Гэтэл Хятадын нүүрсний импорт улсын хэмжээнд буурч, Монголын нүүрсний экспортын 50 саяын 20 саяыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлчихвэл манай бүх боомт дээрх болон бүх уурхайн нүүрсний үнэ унах эрсдэлтэй. Ерөнхий сайд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын сайдын мэдээлж байгаагаар дээрх боомтыг холбосноор бусад боомтууд ч урд хөрштэй холбогдоно. Тэгснээр Монгол Улсын нүүрсний экспорт 120-160 сая тонн болно гэж байна. Хоёр улсын төвшинд яригдаж байгаа Хамтын ажиллагааны гэрээн дээрээ нүүрсний экспортыг 120 сая тоннд хүргэнэ гэж бичиж, албажуулах шаардлагатай байна. Хятад Улс нь тохиргоот эдийн засагтай тул нэгэнт амлалт өгсөн бол хаанаас хэр хэмжээний нүүрс авахаа тохируулаад төлөвлөчихнө. Ингэж албажуулалгүйгээр зүгээр л 20 сая тонн коксжих нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр тохирчихвол нүүрсний үнэ унана, бирж ажиллахгүй болно.

Манай талд ашиггүй нөхцөл байдал үүснэ. Үүн дээр анхаарч, төвлөрч ажиллах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, 20 сая тонн нүүрс нь нийт экспортын нүүрсэнд нэлээд жин дарахаар бол нүүрсний үнэ тэр чигтээ унана. Нийт экспорт 100 сая тонноос дээш байх тохиолдолд үнэд үзүүлэх нөлөөлөл нь багасна.

Тэгэхээр Та улсын төсөвт тусгасан 83.3 сая тонноос ч дээш олборлох шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ үнийг нь хэрхэн тооцоолох вэ?

"Чалко"-той байгуулсан гэрээ нь нэлээд хэдэн жилийн өмнөх, 2011 оны гэрээ. Бүтээгдэхүүний хэмжээ нь "Чайна Энержи"-тэй харьцуулахад бага. Тиймээс яг тэр аргачлалаар үнийг тооцох нь өрөөсгөл. "Чалко"-гийн хувьд Хятадын дотоодын таван эх үүсвэрийн үнээр үнийг нь тооцдог. Нэгэнт Монголд Эрдэс баялгийн бирж байгуулагдаад ажиллаж байгаа болохоор Монголын биржийн тооцоолол, Хятадын талын тооцоолол, Олон улсын зах зээлийн зарчмаар жишиг үнийг тооцох гэсэн 3 эх үүсвэрийг харгалзан үнийг нь тооцож гаргах шаардлагатай гэж үзэж байна.

АМНАТ-ын талаар таны байр суурийг сонирхоё. Жишиг үнэ, татвар бодох үнийн дүнгээ хиймлээр тавьдаг асуудал хэвээр байгаа юу. Энэ тал дээр өөрчлөлт гарах дүр зураг байна уу?

"Чайна-Энержи"-тэй одоо байгуулах гэрээнд биржээр биш, хил нөхцөлөөр биш, уурхайн ам нөхцөлөөр гэрээ байгуулах гэж байна. Тэгэхээр шууд аман нөхцөлөөр байгуулж буй гэрээ нь биржийнхээс илт зөрүүтэй байна. Уурхайн ам нөхцөлөөр аваад, хилээр давсны дараах хэмжээгээр АМНАТ-ийг тооцож худалдан авагчаас биш, уурхайгаас авна. Тодруулбал, тухайн уурхай ам нөхцөлөөр 70 ам.доллароор нүүрсээ зараад Хятад руу орсон 150 ам.долларын үнээр АМНАТ төлөх юм. Энэ тогтолцоо шударга бус байна.

Хэдэн жилийн өмнө уурхайн үнэ дээр тээвэрлэлт, хил гарах зардал зэргийг тооцоод индексжүүлж байсан ч ашиглаагүй. Хэрэв ам нөхцөлөөр биш, хил нөхцөлөөр, Хятадын зах зээлийн жишиг үнээр АМНАТ. ийг бодож байгаа юм бол хил нөхцөлөөр л нүүрсийг арилжаалах, зарах хэрэгтэй. Бидний зүгээс тээвэрлээд хүргэж өгөх ёстой болохоор тээврийн зардал манайд үлдэнэ.

ОХУ энэ оноос эхлээд нүүрсний экспортын татвараа цуцлах шийдвэр гаргалаа. Энэ нь манайд ямар нөлөө үзүүлэх вэ?

Энэ нь экспортоо нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гэж харж байна. Манайд шууд утгаараа нөлөөлөхгүй гэж үзэж байна. Учир нь, манай нүүрсний зах зээл Хятадын хойд хэсгээр байрладаг. Харин ОХУ-ынх Хятадын зүүн хойд болон зүүн өмнөд хэсэг рүү чиглэдэг. Манай нүүрс ОХУ-ынхаас өөр. Манай коксжих нүүрсний шинж чанар арай илүү сайн.

Дэлхий дахинаа хүлэмжийн хийн ялгаруулалттай холбоотойгоор нүүрсний хэрэглээ багасаж, хөрөнгө оруулалт буурна гэж үздэг. Үнэхээр хөрөнгө оруулалт буурч байна уу, ер нь Монголын нүүрсний ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Олон улсын геополитикийн нөхцөл байдал, улс төрийн чиг хандлагаac шалтгаалаад харамсалтай нь нүүрсний төслийн хөрөнгө оруулалт буурна. Гэхдээ бид асуудлыг бодитоор харах хэрэгтэй. Бидэнд байгаа түүхий эд бол нүүрс. Нүүрсний цахилгаан станцууд барьж байгаа нь сайн хэрэг. Бүр орон даяар, аймаг бүрт биш юм гэхэд бүс нутгийн гол хэсгүүдэд нүүрсний бага, дунд оврын дулааны болон цахилгааны станцууд барих хэрэгтэй. Мөн нүүрснээс хийн, шингэн түлш гаргаж авч утааг багасгах шаардлагатай. Энэ технологи батлагдаж, үйлдвэрлэлд нэвтрээд 100 жил болж байна. Харин эдийн засгийн өрсөлдөх боломжийг бий болгохын тулд татварын хөнгөлөлт үзүүлж, дэмжих шаардлагатай. Энэ дэмжлэг л зайлшгүй хэрэгтэй байна.