Р.Ренчиндулам
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчлахаар болжээ. Ингэхдээ Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээрийг эцэслэж, гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцох юм.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Хятадын талаас Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Монголын талаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар оролцож, гарын үсэг зурна.
Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээрийн төсөл нь УИХ-ын Эдийн засаг болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор орж гарын үсэг зурах эрхийг хуулийн дагуу дээрх сайд нарт олгосон юм.
Мөн тус хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчит компаниуд “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”, “Төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээ”, “Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ” гэсэн гурван гэрээнд гарын үсэг зурах юм.
Сонирхуулахад, хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа буюу дөрөвдүгээр сард УИХ-аар тус хэлэлцээрийг соёрхон батлах юм байна. Засгийн газар хоорондын уг хэлэлцээрт орох үндсэн чиглэлийг УИХ-ын 58 дугаар тогтоолоор баталсан бөгөөд дээрх тогтоолд багтсан чиглэлийн дагуу Засгийн газар тус хэлэлцээрийг байгуулж байгаа гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцолсон юм.