Б.Ариунаа
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, онцлогийн талаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсан Ажлын хэсгийн ахлагч, доктор Д.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бусад улсынхаас юугаараа ялгарах вэ?
Манай улс бусад улстай харьцуулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалт өндөртэй. Бүсчилсэн тогтолцоонд шилжсэнээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлт орж, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ. Ингэснээр орон нутагт үйлдвэр үйлчилгээ, хувийн байгууллагууд үйл ажиллагаа эрхлэх, салбар нэгжээ байгуулах, шилжин суурьших таатай орон зайг бий болгож, үр дүнд нь орон нутагт ажилгүйдэл, ядуурал буурч, хөдөлмөр эрхлэлт дээшилнэ гэж харж байна.
УИХ-ын гишүүд хэт жижиг хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр ярихгүй. Аймаг бүрт нөөц, онцлог, байршлын давуу тал бий. Тиймээс аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдгээрт тулгуурлан гаргаж, хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр хэлэлцдэг болох юм. Аймаг болгон тухайн нөөцөөрөө давуу байдал бий болгоно гэсэн үг.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь шинжлэх ухааны суурь судалгаа шаарддаг, маргаан ч дагуулдаг. Олон салбарын төслүүдийг орон зайд байршуулах тухай ярьдаг учраас эрдэмтдийн саналыг авах хэрэгтэй. 2001 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал 3 парламент дамжиж, 120 орчим эрдэмтэн, судлаач ажиллаж, баталсан түүхтэй. Энэ удаагийн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд эдгээр эрдэмтдийн төлөөллүүд мөн оролцсон.
Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд өнгөрсөн хугацаанд нэлээд өөрчлөгдлөө. Энэ удаагийн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд ялгарах давуу тал нь юу вэ?
Бүсчилсэн хөгжлийн үндсэн чиглэлд олон улсын чиг хандлага өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, говийн бүсийг дагасан уул уурхай, хүнд үйлдвэр хөгжүүлэх, цаашлаад аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэрийг дэмжсэн ялгаатай бодлогыг тухайн бүсэд авч хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна. Монгол Улс энэ тогтолцоо руу шилжиж, бүсүүдээ ялган, нөөцөд нь тохирсон бодлогыг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан. Орон нутагт үйлдвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үү гэдэг нь өөрөө Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол суурь ойлголт.
Хүнд үйлдвэр талаас аваад үзвэл "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд байгаа үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг мөрдлөг болгоно. Төмрийн баяжмалаа дотооддоо боловсруулж, барилгын гол түүхий эдийг үйлдвэрлэе. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувийн хэвшилтэй хамтарч, Үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх юм. Мөн цемент, жонш ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд байгаа стратегийн ордуудаа төр өөрөө эзэмшээд ашиглаад байхаасаа илүү эрдэс бүтээгдэхүүнийг олборлох, баяжуулах үйл явцыг хувийн хэвшилд Үйлдвэр технологийн парк хэлбэрээр санал болгож, чөлөөтэй Сонгон шалгаруулалтын үндсэн дээр хамтарч ажиллана.
Хөнгөн үйлдвэр байгуулах 90 байршлыг нэрлэсэн. Дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ?
Хүнд үйлдвэрээс гадна хөнгөн үйлдвэр байгуулах 90 байршлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Микро бүсчлэлийн хүрээнд, 5-6 сумын дунд хамгийн ашигтай гол цэгүүдэд дэд бүтэц, инженерийн байгууламжийг төр шийдэж өгье, хувийн хэвшил үйл ажиллагаагаа хариуцъя гэдэг бодлогын шийдвэр гарсан. Үндэсний хувьсгал, "Цагаан алт" хөтөлбөр, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд санхүүжилт жил бүр нэмэгдэж байхаар УИХ- aap хэлэлцэн баталсан. Энэ санхүүжилтээр юу хийх ёстой вэ гэдэг асуудал Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд тодорхой болж байна. Тодруулбал, орон нутагт дундын хоршоо буюу нийлүүлэлтийн сүлжээг төр, хамтарч хувийн хэвшил бол хийхгүй хөдөөд бизнес хөгждөггүй. Цахилгаангүй, тээвэр ложистикийн сүлжээгүй, дулаангүй болохоор бүгд эргээд Улаанбаатартаа бизнес хийхээр буцдаг.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон зайн хувьд хамгийн их нөөцтэй газар хамгийн түрүүнд дэд бүтцийг бий болгох юм. Ингэхдээ хувийн хэвшил Чөлөөт бүс, Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн дагуу хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн яаманд илгээж, цаашид тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг энэ зарчмыг микро бүсчлэлийн хүрээнд баталсан. Өнгөрсөн алдаа бол төр өөрөө чөлөөт бүс барих гээд байгаа юм шиг ойлгогдож ирсэн. Одоо эсрэгээрээ түрүүлж хувийн хэвшлээс санал болгосон ажилд илүү анхаарна. Ингэхдээ тэргүүлэх чиглэлд тодорхой хязгаарлагдмал орон зайд санал болгож байна.
Аймгуудын бүтээгдэхүүнийг түүхий эдийн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх анхан шатны тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, Үйлдвэр, технологийн парк, чөлөөт бүсүүдийг орон нутгуудад оновчтой байгуулах юм.