Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна

Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.  Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгүүд гэрээний төсөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд гэрээ байгуулах ажил гацаанд орсон гэх мэдээлэл гарч буй юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид тодруулахад,
Ураны гэрээ байгуулах хэлэлцээ зогсоогүй, үргэлжилж байна. Хэлэлцээрийг манай талаас Эрдэнэс Монгол групп, Францын талаар “Орано групп” төрийн өмчит үйлдвэрийн газар ахалж байна.
Манай талаас нэгдүгээрт, Монголын тал уран олборлолт болон уурхайн хаалтын үйл ажиллагааг нэг гэрээгээр зохицуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Бусад улс оронд ураны төсөл хэрэгжсэн байдлыг харахад уурхайн олборлолт, хаалтын үйл ажиллагааг тусдаа гэрээгээр зохицуулснаар хариуцлага хүлээх байдал нь сулардаг. Олборлолтоо амжилттай хийгээд уурхайн хаалтын ажиллагааг хаяад гарсан тохиолдол зарим улс орон байдаг учир Монголын талаас нэг гэрээгээр зохицуулах шаардлага тавьж буй юм.
Хоёрдугаарт, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны олборлолт явуулах болсон тохиолдолд тухайн газар нутгийн байгаль экологид хор хөнөөл учруулахгүй байх технологийг ашиглах шаардлага тавьж байна. 1.2 км орчим газрын гүнээс уран олборлоход тэр хоолойн битүүмжлэл алдагдахгүй, байгаль орчинд нөлөөлөл үзүүлэхгүй байх ёстой.
Маш том усан бассейн дамжиж хоолой тавьж, түүгээр дамжуулан уран олборлолт явуулах учир тэнд уран алдагдах нөхцөл үүсгэхгүй байх, дэвшилтэт технологи ашиглах шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж байна.
Энэ төсөл нь геополитикийн бодлого болон эдийн засаг, эрчим хүчний хувьд Монгол Улсад чухал ач холбогдолтой төсөл учир Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байна гэв.