Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

"Оюу толгой" компани 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Ойн газарт хүлээлгэн өглөө

Т.БЯМБАНАРАН

"Оюу толгой" компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулах зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч бүхий нийт 10 багцийг хандивлахаар төлөвлөж, 6 багц буюу нийт 48 ш тоног төхөөрөмж багтаж байгаа юм байна.

 

Эдгээр тоног төхөөрөмжөөс онцолбол, сул зогсолтгүй, ямар ч хүнд нөхцөлд үр бүтээлтэй ажилладаг Lovol 1054D загварын трактор нь 15 морины хүчин чадалтай, зүүн Европ руу нийлүүлдэг, мод үржүүлэг, ойн аж ахуйн зориулалтаар хөрс хагалах, боловсруулах, үрлэх, модны тарьц, суулгацыг хураах болон тээвэрлэх зэрэг зориулалтаар ашиглана. Мөн Бортогонд хөрс савлагч нь гар ажиллагааг 90 гаруй хувь хөнгөлж, үрсэлгээний хөрсийг минутад 15-20 бортгонд суулгадаг дэвшилтэт шийдэл аж.

Харин хошуут анжис нь газар хагалах төхөөрөмж бөгөөд 1LY-435 загварын 8 иртэй 2023 онд үйлдвэрлэгдсэн. 1LY-435 загварын анжис 2 талдаа хагалж, тракторын явах замыг 2 дахин багасгаж өгдгөөрөө дэвшилтэт технологи болжээ.

2021 оны 11 дүгээр сард "Оюу толгой" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж, "Нэг зуун сая мод" тарьж ургуулах амлалт өгсөн. Үүнээс 63.5 сая модыг тарьж ургуулан, "Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив"-д үндэслэн 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэхэд түлхүү анхаарч, нөөц, бааз сууриа бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг (ЗГХА) Ойн газрын ойжуулалт, нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяраас энэ талаар тодрууллаа:

Энэхүү үйл ажиллагааг “Оюу толгой” компани, БОАЖЯ, ЗГХА “Ойн газар” хамтран зохион байгуулж байна.

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Оюу толгой компани 100 сая мод тарих амлалт өгсөн. Ингэхдээ 40 хувьд нь техник тоног төхөөрөмж нийлүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжсэнээр тарьц суулгацын нөөц нэмэгдэнэ. Эхний арга хэмжээ буюу 8 багц техник тоног төхөөрөмж, 105 морины хүчин чадалтай 8 ширхэг трактор, дагалдах агрегатууд болон бусад жижиг тоног төхөөрөмжийг ЗГХА Ойн газарт хүлээлгэж өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар мод үржүүлгийн газруудад тулгараад байгаа ямар ямар хүндрэлийг шийдэх боломжтой болж байна вэ?

Монгол Улсын хэмжээнд 345 мод үржүүлгийн газар бий. Тэдгээрээс 100 гаруй нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр тоног төхөөрөмжийг төр өөртөө авч байгаа бус, сонгон шалгаруулалт явуулж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай төслийг шалгаруулан мэргэжлийн мод үржүүлгийн газрууддаа хүлээлгэж өгнө. 

Түүнчлэн тарьсан модоо дараа нь арчилж хамгаалах ажлыг шийдвэрлэхийн тулд модыг таван жил ургуулж, арчлаад бие дааж амьдрах боломжтой болсон үед нь улсын ойн санд хүлээлгэж өгдөг байхаар гэрээнүүдээ хийж байгаа.

Оюу толгой компанийн Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн хууль эрхзүйн хэрэгжилт хариуцсан зөвлөх Баярзаяа:

Өнөөдрийн арга хэмжээний онцлог юу вэ? Оюу толгой компани мод үржүүлгийн чиглэлээр ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Оюу Толгой компани 100 сая мод хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2021 оны 10 сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Үүнийхээ хүрээнд 60 сая модыг биетээр тарих, 40 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулах төлөвлөгөөтэй. Уг хөрөнгө оруулалтыг 3 чиглэлд хийж байгаа. Нэгдүгээрт, судалгаа шинжилгээний чиглэлээр. Гаднын орны сайн туршлага, технологийг оруулж ирэх, хоёрдугаарт, боловсон хүчин бэлдэх, гуравдугаарт, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй мод үржүүлгийн газар болон дэд бүтцэд хөрөнгө оруулах юм.

Нийтдээ 8 нэр төрлийн тус бүрдээ 10 ширхэг буюу 80 тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа. Энэ талбай дээр 8 төрлийн тус бүрээс 6 ширхэг тоног төхөөрөмж буюу нийт 48 ш трактор, агерегатыг хүлээлгэн өгнө. Ингэхдээ сүүлийн 5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газруудыг сонгон шалгаруулах зарчмаар олгож байна. Мод тариалах гар ажиллагаа багасч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.

Анх “Тэрбум мод” хөдөлгөөн эхлэхэд тарьц суулгацны нөөц 10 сая байсан бол сүүлийн 2 жилд 60 сая хүртлээ нэмэгдсэн. Тиймээс автоматжуулалт, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой нь харагдаж байна.

Оюу толгой өөрийн харьяа мод үржүүлгийн газартай. Онцлог нь юу вэ?

Манай мод үржүүлгийн газар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт бий. Энэ нь зөвхөн мод үржүүлгийн газар биш байгалийн ургамал үржүүлгийн газар. Мөн биологийн олон янз байдлын бодлогын хүрээнд нутгийн ургамлаар нөхөн сэргээлтээ явуулах зорилготой. Эхэндээ нутгийн буюу говийн унаган ургамлыг тарималжуулах тэр дундаа Улаан номд орсон ховор болон нэн ховор ургамлуудыг ургуулах зорилгой байгуулагдаж байсан. “Тэрбум мод” хөдөлгөөн эхэлснээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, говийн ургамлын үржүүлгийн газар болгосон. Модлог ургамал төдийгүй говийн өвслөг, бутлаг, сөөглөг зэрэг бүх ургамлыг тарималжуулж, судалгаа шинжилгээ хийж байна.

Зөвхөн үр, мөчрөөр өсгөх биш эдийн өсгөврийн аргыг туршиж хэрэгжүүлж байна. Тарьц суулгах бусад ажлуудаа ШУА-ийн харьяа Биотехнологийн хүрээлэнтэй хамтраад ажиллаж байгаа.

Танай хүчин чадлын хувьд хэчнээн ширхэг тарьц суулгац ургуулах боломжтой вэ?

Жилдээ  1,5 сая орчим тарьц суулгац ургуулах хүчин чадалтай. бол гаргах хүчин чадалтай. Оюу толгой компани үр үржүүлгийн чиглэлээр өргөтгөл хийж лабораторитай болох гэж байна. Ингэхээр хүчин чадал нэмэгдэх тооцоо гарсан.

Дашрамд дуулгахад, Оюу толгой компанийн менежментийг гүйцэтгэгч "Рио Тинто" компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, энэ талаар байнга хөрөнгө оруулж иржээ.

Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг гэдгийг компанийн мэргэжилтнүүд онцолж байлаа.