Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллалаа

“Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын Ханжоу хот дахь, шинжлэх ухаан, технологийн 100 жилийн түүхтэй ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй Азид тэргүүлдэг Жөжяны их сургуулиар орж, үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа.

Жөжяны их сургуультай аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамтын ажиллагаатай Ханжоу хотын “Барилга хот байгуулалтын хөрөнгө оруулалтын групп” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан төрийн өмчит компани юм. Тус хоёр байгууллага нь “Ирээдүйн од” төслийн хүрээнд дэлхий даяар ухаалаг IoT (Internet of Things), био анагаах ухааны эм, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, шинэ материал болон ногоон эрчим хүч зэрэг 5 салбарт дэвшилтэт технологийн аж үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлжээ. Түүнчлэн “Аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын сан”-г байгуулж;

-Шинэ материал

-Шинэ эрчим хүч

-Шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг аж үйлдвэрлэлийг түргэвчлэх гол хөдөлгүүрийг бий болгон, нийт 100-аас дээш шинжлэх ухаан, технологийн төслүүдийг уг санд төвлөрүүлсэн байна.

Төлөөлөгчид мөн 100 хувь төрийн өмчит “Шаньси нүүрс-химийн үйлдвэр групп” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн бүтцэд нийт 60 гаруй бүрэлдэхүүн компани харьяалагддаг ба нийт 120 мянган ажилтан, 720 тэрбум юанийн хөрөнгөтэй, хувьцаа гаргасан 5 компанитай аж. Тус компани нь БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн хөгжлийг даган дэлхийн зах зээлд гарч, эрчим хүч болон хагас боловсруулсан материалыг худалдан авах, нийлүүлэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн түгээх хүртэлх бүх үйлчилгээг үзүүлдэг юм.

Жөжяны их сургуулийн хотхонд байрлах бас нэгэн чухал газар бол “Хот хөдөөгийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн” юм. Тус хүрээлэн нь аж үйлдвэрлэлийн паркийн бүс байгуулах төслийн төлөвлөлтийг хийдэг аж. Онцолбол, Ордос хотын нисэх онгоцны буудлын логистикийн парк, Алшаа аймгийн өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүс, Шилийн гол аймгийн Бай Инхуа эдийн засгийн хөгжлийн бүс, Баяннуур аймгийн Ганцмод боомт дахь боловсруулах үйлдвэрлэлийн парк, Улаанхад хотын Юлунг аж үйлдвэрийн парк, Үхай хотын нүүрстөрөгч багатай аж үйлдвэрийн парк болон Эрээн хотын Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэрэг 40 гаруй төслийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэжээ.

Ингээд төгсгөлд нь “Эрдэнэс монгол” нэгдлийн албаны хүмүүс “Жөжян Wole технологи” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь өндөр технологийн шинжлэх ухаан, технологи бүхий R&D хэрэглээнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тодруулбал, хаягдал усыг биологийн аргаар цэвэрлэх өндөр үр дүнтэй технологийг ашиглаж, хэт өтгөн бохир усны органик бохирдол, давс болон азот ихтэй бохир усыг задлах, цэвэрлэх үйл ажиллагааг явуулдаг үндэсний шинэ бүтээлийн патент бүхий технологийг нэвтрүүлсэн компани юм байна.

“Эрдэнэс монгол” нэгдлийн БНХАУ дахь албан томилолт ӨМӨЗО-ны Алшаа болон Бугат аймагт үргэлжилж байна.