Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монгол Улс уул уурхайн салбарт дараагийн нүүдлийг хийхэд бэлтгэж байна

И.Отгонжаргал

Монгол Улс байгалийн асар их нөөцтэй,  газар зүйн болоод геополитикийн нэн таатай бүсэд байрладаг, Евро-Азийн томоохон зах зээлд ойрхон  тул   дунд болон урт хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) орж ирэх  өргөн боломжтой. 

3.5 сая хүн амтай харьцангуй жижиг зах зээлтэй ч  БНХАУ, ОХУ гэсэн дэлхийн  хүчирхэг эдийн засагтай  асар  том зах зээлтэй улсуудтай хил залгаа мөнхийн хөрш. Мөн Япон, БНСУ зэрэг гуравдагч  зах зээлүүд  тун ойрхон байна. “Бүс ба зам” болон Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорын гишүүн орон. Хөгжиж буй аж үйлдвэр болон дэд бүтэц, өндөр боловсролтой  залуу хүн амтай, нэмүү өртгийн боловсруулалт хийж болохуйц ашигт малтмалын бааз, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж буй давуу талууд бий. 

Мөн Дэлхийн банкны “Doing business” судалгаагаар Монгол Улс татварын ачааллаар 211 орноос 33 дахь хамгийн бага татвартай улсын тоонд орсон бол НӨАТ-ын хувь хэмжээний хувьд хамгийн бага 16 улсын  жагсаалтад багтаж, хамгийн бага ААНОАТ-тай  6 улсын нэг гэж тодорхойлогдсон. 

Түүнчлэн Ази, Номхон далайн орнуудын хэлэлцээр буюу Солонгос, Хятад, Энэтхэг, Бангладеш, Лаос гэсэн гишүүн орнуудын зах зээлд 10600 гаруй бараа бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, 2016 онд Монгол-Японы хооронд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр Монголын талаас 5700, Японы талаас 9300 бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байна.   Европын Холбооны улсуудад 7200 бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх бололцоотой.

Өнөөдөр төр, засгийн зүгээс ч тэр, хувийн хэвшлийн зүгээс ч гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын  эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч, ид хэлэлцэж байна.
 Монгол Улсад 1990-2023 оны III улирлын байдлаар нийт 42.4 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт  орж ирсэн. Үүний 73%-ийг уул уурхайн олборлолтын  салбар бүрдүүлж байгаа бол 11%-ийг бөөний болон жижиглэнгийн худалдаа,  4%-ийг банк санхүү, 3%-ийг үйлчилгээ, 2%-ийг барилга, 7%-ийг бусад салбар эзэлж буй юм. 

Эндээс үзэхэд Монгол Улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт төвлөрч  байна гэсэн үг. Үүнийг засаж бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлага тулгарч байна. ДНБ-ий 24%, төсвийн орлогын 29%, нийт экспортын орлогын 85-90%-ийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. 

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын оргил үе 2011, 2012 онд  байсан бөгөөд 1990 оноос хойш  манай улсад орж ирсэн ГШХО-ын  40 орчим хувь нь зөвхөн  Оюутолгойн хөрөнгө оруулалт байв. 2023 оны байдлаар ГШХО-ын хэмжээ 1 тэрбум 870 сая ам.доллар байгаагаас уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 орчим хувийг эзэлжээ. Уул уурхайн салбарын ГШХО-ыг улсаар нь авч үзвэл хамгийн их нь Нидерланд 45%, БНХАУ 15%-ийг  эзэлж байна. 


Хууль эрх зүйн орчин ба газар ашиглалт
 
Монгол Улсад сүүлийн 30-аад жил уул уурхайн салбар эрчимтэй   хөгжсөн ч өдгөө дараагийн 20-30 жилд тус салбарыг хэрхэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ зэрэг бодлогын хэмжээнд өөрчлөлтийг цоо шинээр  гаргаж ирэх   цаг үе ирсэн гэдгийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй  хувийн хэвшлийн төлөөллүүд болон энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид үзэж байна. Түүнчлэн олон улсын чиг хандлага болсон ESG (ESG буюу environmental, social and governance) байгаль орчин, нийгэм, засаглалыг Монголын нөхцөлд хэрхэн нутагшуулахыг ч чухалчилан ярилцаж байна. Ашигт малтмалыг цаашид зөвхөн түүхий эд экспортлох биш, өндөр технологийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлд хөгжүүлж ашиглах шаардлага бий.

Ойрын 25-30  жилд Монгол Улс  30-40 тэрбум ам.долларын эдийн засагтай орон болох учиртай. Үүний тулд уул уурхайд зарцуулах төсвийн хөрөнгө болон хандивлагч  орнуудаас босгох хөрөнгө оруулалтын хэмжээг өнгөрсөн хугацааныхаас хэд дахин нэмэгдүүлж байж богино хугацаанд дорвитой үр дүн гарах бодлогыг томьёолох ёстой гэдэг байр суурийг    уул уурхайн салбарын судлаач илэрхийлж буй юм. 

Монгол Улс  уул уурхайн салбарт дараагийн нүүдлээ хийх  цаг ирсэн гэсэн үг.  Юуны түрүүнд   уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой.  Монголчууд чөлөөт эдийн засагт шилжээд 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, түүнийгээ 1997 онд шинэчлэн баталсан. Харин одоо мөрдөж буй салбарын хуулийг 2006 онд шинэчлэн найруулсан юм. Уг хуулийн шинэчлэл 17 жил хүлээгдэж буй.

Мөн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орж ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс  бусад төрийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоотой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хуулийн төсөлд газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад   60 хүртэлх жилээр эзэмшүүлж, ашиглуулна, энэ хугацаа дуусвал 40 жилээр нэг удаа сунгахаар баталсан  заалт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хуулийг хэлэлцэх хугацааг хойшлуулаад байна. 

Түүнчлэн Үндсэн хуулийн 6.1, 6.2 –т туссан байгалийн баялгийг ашиглах тухай заалтад 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж... “газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тусгасан.

Эцэст нь өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбоотой байгаль орчин, бэлчээрийн мал аж ахуй зэрэгт сөрөг нөлөө их байна гэж үзэх хандлага их гарч буй тул цаашид уул уурхайн үйлдвэрлэлд Монгол Улсын “Алсын хараа -2050” стратегийн баримт бичгийг баримталж, үндэстний нэгдсэн ойлголт, түншлэл чухал юм гэдгийг салбарын судлаач, шинжээчид шинээр дэвшүүлэн тавьж байна.