Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:ТӨРИЙН БОДЛОГО ШИЙДВЭРТ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ БУУРСНААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН САЙЖИРНА

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эрчимжүүлэх тал дээр Монгол Улсын баримталж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа.

Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талаар томоохон тогтолцооны өөрчлөлтүүд орсон гэж ойлгож болно.

Тухайлбал өнгөрсөн оны 5 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байсныг 126 болгож нэмэгдүүлснээс гадна, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, 48 гишүүн пропорционал аргаар сонгогдохоор болоод байна.

Ингэснээр төрийн бодлого, шийдвэр дэх нэг улстөрчийн нөлөөлөл багасах, хууль эрх зүйн орчныг улстөржүүлж тогтворгүй байдал үүсгэдэг байдал буурна гэж үзэж байна. Нэг ёсондоо бизнес болон улс төрийн хамаарал буурч, хөрөнгө оруулагчид манай хууль эрх зүйн орчны тогтвортой байдалд илүү итгэх боломжтой болж байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоо, зохицуулалтыг бууруулах чиглэлээр томоохон өөрчлөлтүүд хийгдэж байгааг дурдах ёстой. Тухайлбал Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, нэгдсэн системд орсон.

Энэхүү системийн тусламжтайгаар төр өөрт байгаа мэдээллийг давхардуулан нэхэхгүй байх, аль нэг төрийн албан хаагчийн үзэмжээр бизнесийнхэнд дарамт үзүүлэх боломжийг хязгаарлаад байна.

Өөрөөр хэлбэл улстөрчид болон төрийн албан хаагчид бизнесийнхний үйл ажиллагааг ямар нэг байдлаар хааж боогдуулах, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдыг хохироох нөхцөл боломж буурсан гэж ойлгож болно.

Та улс төрийн тогтолцоо болоод хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар дурдлаа. Тэгвэл хөрөнгө оруулагчдад итгэл, үнэмшил төрүүлэхүйц ямар арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж байна вэ?

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд ирэх 10 жилд эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудыг багтаасан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна. Энэхүү баримт бичгийн нэг гол зорилт бол боомтуудад хүрэх дэд бүтэц, ложистикийг хөгжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх явдал юм.

Монгол Улсын хувьд БНХАУ-тай хиллэдэг боловч зөвхөн нэг боомт төмөр замаар холбогддог байсан. 2022 оноос хойш экспортыг нэмэгдүүлэх дэд бүтцийн төслүүдийг Засгийн газраас амжилттай хэрэгжүүлж дуусгаад байна. Тухайлбал, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн 23.7 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 269 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам, Тавантолгой[1]Гашуунсухайт чиглэлийн 230 км төмөр зам, Шивээхүрэн боомт дахь чингэлэг шилжүүлэн ачих терминал, Замын-Үүд[1]Эрээний чингэлэг шилжүүлэн ачих талбайн өргөтгөл төслүүд амжилттай хэрэгжиж дууссанаар экспортыг нэмэгдүүлэх 896.6 км төмөр зам шинээр бий боллоо.

Ойрын хугацаанд бид хил холболтын төмөр замуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн[1]Сэхээ хил холболтын төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр байна.

Цаашид уул уурхайн салбарыг “олборлох - экспортлох” бизнесийн хэв шинжээс “олборлох - боловсруулах - экспортлох” бизнесийн хэлбэрт шилжүүлж, дэлхийн түвшний тоглогч болох, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, ураны олборлолт, хүдрийн баяжмал боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллана.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, Монгол Улсыг 6 бүсэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Одоогоор хараахан эцэслээгүй байгаа ч уул уурхай, эрдэс баялгаар арвин говийн бүсийг уул уурхайд суурилан хөгжүүлэхээр тооцоолж байна.

Ингэснээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад тулгардаг байсан орон нутгийнхны эсэргүүцэл, зөрчлүүдийг бууруулахад томоохон дэвшил болно. Өөрөөр хэлбэл хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүд иргэд болон хөрөнгө оруулагч аль аль талд ойлгомжтой, тодорхой болно гэсэн үг.

Нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг Эдийн засаг, хөгжлийн яам хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 оны 11 дүгээр сараас хойш гадаадын хөрөнгө оруулалттай 43 аж ахуйн нэгжийн гомдлыг шийдвэрлэх тухай Засгийн газрын 3 тогтоол гараад байна.

Мөн хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалах, зөвлөгөө мэдээлэл өгөх, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх тал дээр Монгол Улс ямар бодлого баримтлах вэ?

Өнөөдөр Монгол Улсын уул уурхайн салбар нүүрс, зэс гэсэн хоёрхон түүхий эдээс голлон хамаарч байна. 2023 онд Монгол Улсын эдийн засаг 7%- ийн өсөлт үзүүлсэн нь дээр дурдсан боомтын хүчин чадлыг нэмэгдүүлсэн, түүхий эдийн үнийн өсөлт, тогтвортой байдлууд нөлөөллөө. 2023 онд Монгол Улсын хувьд түүхэнд анх удаа 69.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байна.

Мөн ирээдүйд дэлхийд эхний 5-д эрэмбэлэгдэх зэсийн орд болох “Оюу Толгой” ордын гүний уурхайн олборлолт эхэллээ.

Бусад төрлийн ашигт малтмал, тэр дундаа уран, критикал минералын олборлолт, ашиглалтыг нэмэгдүүлэх боломж, нөөц Монголд их байна.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано майнинг САС” компанийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-нд Уран олборлох чиглэлээр 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколд гарын үсэг зураад байна. Энэхүү гэрээг байгуулснаар ойрын хугацаанд Монгол Улсаас уран олборлож эхэлнэ.

Критикал минералын хувьд хайгуулалтыг нэмэгдүүлэх, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломж нөхцөл өндөр байна. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” гэж тусгасан байдаг.

Иймд Засгийн газрын зүгээс уул уурхайн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, цаашлаад дотоодод боловсруулах, нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих чиглэлийг тууштай баримтална.

Түүнчлэн Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-д гангийн болон уул уурхай-металлурги-химийн үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах асуудлууд багтсаны дагуу эдгээр төслүүдийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цаашид шинээр илэрч байгаа ордууд, тэдгээрийн байршилтай уялдуулан цогцолбор загвараар хөгжүүлэх томоохон төслүүдийг Засгийн газраас дэмжин ажиллах болно.

Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар мэдээллээ. Ойрын хугацаанд хөрөнгө оруулагчидтай холбоотой ямар ажлыг Засгийн газраас төлөвлөөд байна вэ?

Засгийн газраас хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Компанийн тухай хууль, Газрын багц хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Арилжааны тухай анхдагч хууль, Гадаад худалдааг зохицуулах, уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулиудад өөрчлөлт, шинэчлэл, сайжруулалтыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалт татах замаар томоохон төслүүдийг хөдөлгөж байж эдийн засгийг тэлнэ, улс хөгжинө. Ялангуяа уул уурхайн салбарт Оюутолгой шиг томоохон ордуудыг шинээр нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байна.

Нэлээд олон хуулиудын өөрчлөлт, шинэчлэлийн талаар Та дурдлаа. Эдгээрийн гол зорилго юу вэ?

Монгол Улсад хэрэгжиж буй хуулиудын давхардлыг арилгах, зүйл, заалтуудын уялдаа холбоог сайжруулна. Үндсэндээ хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа саад бэрхшээл, хориглолт хязгаарлалтыг арилгах юм. Хууль зүйн болон эдийн засгийн баталгаагаар хангах, гомдол, маргаан шийдвэрлэх шударга тогтолцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг шинэчилж сайжруулах шаардлагатай байна.

Өмнө нь хөрөнгө оруулагчийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тогтолцоо бүрдээгүй, эрх ашгийг нь хамгаалах газаргүй явж ирсэн нь хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтаа татаж, Монгол Улсаас гарах нэг шалтгаан болсоор ирсэн байдаг.

Тэгвэл төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хүнд суртал, чирэгдэлгүй шуурхай болгох, мөн төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгаж, илүү тодорхой ойлгомжтой болгох үйл явц өрнөж байна.