Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 3 сарын 15-нд дараах мэдэгдлийг гаргажээ. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:

1) Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,

2) Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.

Эдийн засгийн өсөлт 2023 онд 7.0 хувьд хүрч өсөхөд нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Гэвч өвлийн саруудад үүсээд буй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар энэ онд үргэлжлэн агших төлөвтэй байна. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. АНУ, ОХУ-ын эдийн засгийн өсөлт сайжирч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын өсөлтийн төлөв удааширч, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй байна.

Инфляц буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа тул санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ хэмээн мэдэгдлээ.