Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Бүс нутгийн газрыг судлах, тандах хайгуулыг Монголд хийх бүрэн боломжтой

Б.Ариунаа /Канад, Торонто хот/


Монгол Улсын хэмжээнд хайгуулын суурь судалгааг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд PDAC-2024 арга хэмжээний үеэр хайгуулын компаниудын шаардлагыг хангасан дата мэдээлэл бэлтгэх ажилд 40 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар мэдээллээ. Энэ ажлын хүрээнд геологийн суурь судалгааны   олон улсын нээлттэй тендер зарлах юм. 

Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Бид цөөн хэдэн уурхайгаа тойрч ярьсаар байвал хөгжихгүй, дараа дараагийн орд, уурхайг нээх шинэ алхмуудыг хийх шаардлагатай. Монгол орны газар нутаг нь ашигт малтмалын нөөц бүрэлдэх тохиромжтой тогтоцтой гэдгийг судлаачид тогтоосон.  Зэс, төмрийн хүдэр, алт, уран, газрын ховор элемент, нүүрс, фосфорит, хайлуур жонш зэрэг эрдсийн нөөц цаашид ч шинээр тогтоогдох магадлалтай. Гэтэл ашигт малтмалын хэтийн төлөвтэй харьцуулахад хайгуулын талбайн хэмжээ хангалтгүй байна. Тиймээс Монгол Улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг уул уурхайг солонгоруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, өндөр технологи, дэлхийн дэвшлийг ашиглан түүхий эдийг хайж олох нь чухал юм” хэмээлээ.  

PDAC-2024 арга хэмжээний үеэр олон орны хайгуул судалгааны компаниуд Монгол орны геологи хайгуулын талаарх мэдээллийг илүү сонирхож байгаагаа илэрхийлж байсан юм.

Канадын "Sgl-сандер геофизик" агаарын соронзон судалгааны компанийн менежер Малколм Аргайл хэлэхдээ “Бид газрын гүн дэх  ашигт малтмал, газрын ховор элементийн тогтоцыг агаараас соронзон судалгааны тусламжтай  илрүүлдэг төхөөрөмжийн үйлчилгээг үзүүлдэг. Манай компанийн хувьд Монголд ажиллах нөөц боломж бий. Өөрөөр хэлбэл бид тухайн бүс нутгийн газрыг судлах, тандах хайгуулыг Монголд хийх бүрэн боломжтой. Мөн зөвхөн газрын баялаг, ашигт малтмал гэлтгүй бид гүний усыг ч илрүүлэх боломжтой” хэмээн танилцуулав.