Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН АСУУДАЛ ДАГУУЛСАН 3 ЗААЛТ

И.Отгонжаргал

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Тиймээс Засгийн газраас УИХ-д өнгөрсөн оны зургадугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Удаан хүлээгдсэн уг төсөл он дамжин 2024 оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч хуулийн төсөлд туссан газрын асуудал болон хөрөнгө оруулалтын босготой холбоотой асуудлаар УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүний зөрүүтэй байр сууриас болж долоо хоног хойшилсон. Дараагийн долоо хоногт хуулийн төслийг мөн хэлэлцэх эсэх дээр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч хоёр дахиа хойшлон намрын чуулганы хаалтын өдөртэй золгов.

Монгол Х.Баттулга оруулалтын эсэргүүцэж Улсын Төрийн тухай Ерөнхийлөгч хуулийн байгаагаа асан ордонд Хөрөнгө төслийг АН-ын нэрийн өмнөөс илэрхийлсэн шаардлагыг УИХ ын дарга Г.Занданшатарт гардуулсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгасан шинэ болоод илүү сайжруулсан зохицуулалтуудыг огт харгалзан үзэлгүй зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн босго болон газар ашиглах заалт тойрсон эсрэг байр сууриуд төд удалгүй Төрийн ордноос хальж, нийгмийн сүлжээнд ч хүчтэй хөврөв. Сонгуулийн өмнө хэлэлцэгдэж байгаа нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд чөдөр тушаа болж байна гэлтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар Намрын чуулганыг хааж хэлсэн үгийнхээ эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг онцолж, “УИХ-д Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах албан бичгээр 156 санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна.

Гэхдээ анхааруулж хэлэхэд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн. Тийм учраас илүү сайжруулж оруулж ирэх шаардлагатай” гэв.

Засгийн газрын боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь зохицуулалт, үйлчлэх хүрээний хувьд илүү либеральчилсан хууль болсон гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс онцолж байна. Энэхүү хууль нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдаагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж байгаа хуулийн бүх этгээдэд хамаарах юм.

Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд баталсан. Энэ удаагийн өргөн барьсан хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан, эдийн засгийн агуулгыг тэлсэн хууль гэж тодорхойлж болно. Өмнөх хуулиудад дутагдалтай байсан хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, өмчийн маргааныг шуурхай бөгөөд хүндрэлгүй шийдэх, төрийн байгууллагуудын давхардсан хяналт шалгалтыг цөөлөх, цахим зохицуулалтыг тусгасан, өмнө байсан хязгаарлалтыг үгүй болгосон, бусад хуулийн давхацлыг арилгасан зэрэг олон давуу талтай.

Хуулийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудал хоёр дахиа хойшлох үеэр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол дахь Европын холбоо, ХБНГУ, Их Британи, АНУ-ын Худалдааны танхимын төлөөллүүд хамтран Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд орсон өөрчлөлтүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСАН ГУРВАН ЗААЛТ

НЭГ: Газар

Гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглуулах тухай маргаан дагуулж буй заалт нь 1993 оны анхны хуульд тусгагдсан. 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулах, энэ хугацаа дууссаны дараа 40 жилээр нэг удаа сунгахаар заасан. 2013 онд өөрчлөн батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд ашиглуулахаас гадна эзэмшүүлэх зохицуулалтыг оруулсан бөгөөд газрыг 60 хүртэлх жилээр эзэмшүүлэх, ашиглуулах, энэ хугацаа дуусвал 40 жилээр нэг удаа сунгахаар баталсан.

Харин одоогийн УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд 2013 оны хуульд нэмэгдсэн газрыг эзэмшүүлэх зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд энэ удаа шинэ хуулийн төсөлд оруулаагүй. “Хүмүүсийн яриад байгаа шиг өөр ямар нэгэн газартай холбоотой өөрчлөлт ороогүй” хэмээн Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн.

Гэхдээ энэ зохицуулалт нь Газрын тухай хуулийн “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасантай зөрчилдөж байна.

ХОЁР: Хөрөнгийн босго

Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 мянган ам.долларын хөрөнгийн босгыг энэ удаагийн хуулийн төсөлд тусгаагүй. Монгол Улс 2019 2021 онд FATF-аас тавьсан шаардлагын дагуу мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулагчийн зүгээс 100 мянган ам.долларын босготой холбоотой банкны данс нээхгүй болсон юм. Үүнээс үүдэн гадаадын иргэн мөнгөгүй шахам орж ирээд хөрөнгө оруулагч гэгдэж, монголчуудаас давуу эрх эдлэх нь гэсэн шүүмжлэл нийгэмд газар авсан юм.
Улмаар гадаадын хөрөнгө оруулалтын босгогүй болгох нь өмнөд хөршийн иргэд ихээр орж ирж сууршина гэсэн болгоомжлол хуулийн төслийг эсэргүүцэгчдэд их байсан.

Бодит байдал дээр нэг сая төгрөг бариад ирсэн хүн хөрөнгө оруулагч гэх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй гэдгийг хууль боловсруулагчдын зүгээс тайлбарлаж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар холбогдох бүх асуудал зохицуулагддаг.

ГУРАВ: Гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг чөлөөлсөн нь

2013 оны хуулиар гурван салбарт гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарласан нь нэгд, банк, санхүү, хоёрт, уул уурхай, гуравт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарууд юм.

Энэ хязгаарлалтыг шинэ хуулийн төсөлд тусгаагүй нь эсрэг, тэсрэг байр суурийг дагуулаад байна. Ялангуяа банк, санхүүгийн салбарыг ийнхүү чөлөөлснийг эсэргүүцэж байгаа юм.

Тиймээс хуулийн төсөл боловсруулагч Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс “одоогийн шинэ хуулийн төсөлд дээрх хязгаарлалтыг авч, чөлөөтэй болгосон нь нийгэм дэх Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэгчдийн барьж авсан бас нэгэн асуудал болсон” хэмээн мэдэгдэв.

Монголд гадаадын банк орж ирэх нь зөв үү, буруу юу гэсэн байр суурь яригдаад 10 гаруй жил болж байна. Түүнчлэн Bank of China Монголд төлөөлөгчийн газраа нээгээд 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй.

Өнөөдөр эдийн засагч, шинжээчдийн зүгээс ч гадаадын банк Монголд орж ирсэн тохиолдолд болгоомжлох нөхцөл үүсэхгүй гэдгийг ч хэлж байгаа юм. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэгт гадаадын банк нэвтрүүлэхэд буруугүй гэсэн албаны байр суурь ч бий. Харин Монголд оръё гэсэн гадаадын банк байна уу гэдэг л бидний хувьд асуудал байх шиг.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 10 жилийн дараах шинэчилсэн найруулгыг хэдий УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж чадаагүй ч Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хөгжлийн гол асуудлуудын нэг болсон хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нөхцөлийг тууштай дэмжих бодлого барихаа зарлаад буй билээ. Тиймээс хуулийн төслийг УИХ-ын даргын хэлсэнчлэн илүү сайжруулж, цаг алдалгүй өргөн барих шаардлага бий.

Ингэхдээ төрийн оролцоог аль болох бага байлгаж хувийн хэвшлийг дэмжих бодлого барих нь Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлийн гол амин сүнс байх юм.