Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Степ Голд” компани Сэлэнгэ аймаг дахь “Бороо Голд”-ыг худалдан авна 

Ч.Сансар

Монголын алтны үндсэн ордын томоохон төсөл хэрэгжүүлж буй  “Степ Голд” компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Бороо Голд” ХХК-ийг худалдан авснаар жилийн олборлолтоо гурав дахин нэмэгдүүлж, улсын хэмжээнд хамгийн том алт үйлдвэрлэгч болохыг зорьж байна.

2024 оны 1 дүгээр сарын 24-нд гаргасан хэвлэлийн мэдээнд “Степ Голд” ХХК хувьцааны своп хэлцлээр “Бороо Голд”-ыг худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгдэв. 

Үүнээс гадна “Бороо Голд” болон түүний түнш компаниуд Перу улс дахь Tres Cruces алтны уурхайг зах зээлийн  үнээр хамгийн түрүүнд худалдаж авах эрх эзэмших аж. Энэхүү эрх нь хэлцэл дууссанаас хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй байна.
Энэхүү мэдэгдлийн дараа даваа гарагт “Степ Голд” ХХК-ийн хувьцааны ханш 1.5%-иар өсч, зах зээлийн үнэлгээ 52 сая ам. долларт хүрчээ.

1997 онд байгуулагдсан “Бороо Голд” ХХК-ийн гол хөрөнгө нь Сэлэнгэ аймаг дахь алтны үндсэн орд, мөн зэргэлдээх Улаанбулагийн уурхай юм.

Эдгээр хоёр уурхай нийлээд жилд дунджаар 60,000 гаруй унц алт олборлодог бөгөөд  ТЭЗҮ-ээр тогтоосон нөөц нь  2030 оноос дээш хугацаанд ашиглах боломжтой аж. “Степ Голд” ХХК-ийн эзэмшдэг “Алтан цагаан овоо”   уурхайгаас жилд 30,000 унц алт олборлодог. 

Ирээдүйд “Степ Голд” ХХК жилд 200,000 унц өнгөт метал олборлох зорилт тавьж байна. 2026 он гэхэд жилд 160,000 унц алт үйлдвэрлэх боломжтой гэж тус компани нэмж мэдэгдлээ.

Энэхүү хэлцэлийн үр дүнд “Степ Голд” ХХК-ийн одоогийн нөөц нь 4 сая гаруй унци алттай тэнцэх хэмжээний хөрөнгөөр үнэлэгдэх төлөвтэй байна.

"Ойрын хоёр жилд манай үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэж, 90,000 унц, 2026 он гэхэд 160,000 унц алт олборлодог болсоны үр дүнд  компанийн санхүүгийн чадавхи бэхжиж, “Алтан цагаан овоо” алтны төслийн II үе шатны өргөтгөлийг санхүүжүүлэх 150 сая ам.долларыг эргэн төлөх, хайгуулын хэд хэдэн ажлыг гүйцэтгэх боломжтой болно" гэж “Степ Голд” компанийн Гүйцэтгэх захирал Т.Батаа хэвлэлийнхэнд мэдээллээ.

2023 оны 7 дугаар сард “Степ Голд”-ийн үндсэн орд  “Алтан цагаан овоо” уурхайн өргөтгөлийн хоёр дахь үе шатны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 150 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үе шатанд тус уурхай 12 жилийн хугацаанд 103,000 унци алт олборлохоор төлөвлөж байна.

“Степ Голд” ХХК болон “Бороо Голд” компани ойрын долоо хоногт тохиролцоонд хүрч, гэрээ байгуулах бөгөөд онцгой эрхийн хугацаа 2024 оны 3 дугаар сарын 18-нд дуусна.

Эх сурвалж: Mining.com