Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Алтан Цагаан Овоо ордын 2 дугаар шатны бүтээн байгуулалтыг гүйцэтгэнэ

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани Алтан Цагаан Овоо уурхайн 2 дугаар шатны өргөтгөл дээр флотацийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжүүдийн угсралтын ажлыг Hexagon Build Engineering компаниар түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж буйгаа зарлалаа. Гэрээний нийт дүн 148.4 сая ам.доллар бөгөөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ Степ Голд компани баталгаажуулсан гэдгээ өнгөрсөн зун зарлаж байсан юм. 

Hexagon Build Engineering компани нь 2014 оноос хойш Монгол төдийгүй олон улсын төслүүдийн зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажилласан арвин туршлагатай компани. 

 “Бид Алтан Цагаан Овоо уурхайн 2 дугаар шатны өргөтгөлд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ баталгаажуулж, санхүүжилтээ эхнээсээ авч байна. Энэ удаад флотацийн үйлдвэрийн барилга, дизайн, тоног төхөөрөмжүүдийн угсралтын ажлыг хийх гүйцэтгэгчээ сонгож, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалт хурдтай өрнөх боломж бүх талаараа бүрдлээ”  хэмээн “Степ Голд” компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Т.Батаа хэлсэн байна. 

“Степ Голд” компанийн Алтан Цагаан Овоо орд нь Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд байдаг. Төслийн 1 дүгээр шатанд исэлдсэн хүдэр олборлолт, нуруулдан уусгалт, бүтээгдэхүүн гаргах ажил нь 2020 онд эхэлсэн бөгөөд одоо төслийн хэмжээнд нийт 350 орчим ажилтан ажиллаж байгаагаас 99% нь монголчууд байна. 

2 дугаар шатанд анхдагч хүдрээ олборлож флотацийн аргаар үйлдвэрлэл явуулахаар төлөвлөөд байна. Бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны эцсээр дуусгах төлөвлөгөөтэй. Ингэснээр үйлдвэрлэл 3 дахин нэмэгдэж, 300 орчим ажлын байр шинээр бий болох юм. Алтан Цагаан Овоо уурхайн үйл ажиллагаа   2036 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.