Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ч.ХҮРЭЛБААТАР: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулахад онцгойлон анхаарна

Монгол Улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлого, эдийн засгийг эрчимжүүлэх  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгжилт,  2024 оны эдийн засгийн төлвийн  талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д эдийн засгийг дунд хугацаанд хөгжүүлэх бүх талын арга хэмжээнүүд туссан

Монгол Улсын эдийн засгийн  хөгжлийн гол тулгуур баримтуудын нэг   Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тодруулна уу?

Дэлхий даяар тархсан цар тахлын нөлөө болон Орос-Украины хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт амаргүй   цаг үе  тулгарсан. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, эдийн засаг  сүүлийн 6 улирал дараалан тогтвортой өсөж, 2023 оны III улирлын байдлаар 6.9%-д хүрлээ.  Инфляц 2022 оны 6 дугаар сард 16.9%-д хүрч байсныг бодвол буурсаар энэ оны 11 дүгээр сарын байдлаар 8.6%-д хүрээд байна.

Мөн экспорт нэмэгдсэнээр төсвийн орлого өсөж, төсвийн тэнцэл 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 2 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Валютын нөөцийн хувьд өнгөрсөн оны наймдугаар сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол 2023 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 4.3 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтворжоод байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өслөө. Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” дахь боомтын сэргэлтийн хүрээнд 416 км авто зам, 897 км экспортын төмөр зам ашиглалтад орсон  бөгөөд барилга, худалдааны салбаруудаар дамжин эдийн засгийн бодит өсөлтийн 1 нэгж хувийг бүрдүүлсэн. Цаашид  валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор  уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах, төмөр замын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хил холболтын бүтээн байгуулалтыг урагшлуулах  зэрэг ажлыг үе шаттай  зохион байгуулан ажиллаж байна.   Шивээхүрэн-Сэхэ төмөр зам  ирэх оны эхээр холбогдоно.

Эрчим хүчний салбарын хувьд шинэ эх үүсвэр нэмэгдэх, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулах болон хүчин чадлыг өргөтгөх, улмаар эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2024 онд Багануурын 400 МВт цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэх, Чойбалсан дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Амгалангийн дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцын төслүүдийг 2024 ондоо багтаан амжилттай хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттай  шилжүүлж, либералчлах бодлого баримтална. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д эдийн засгийг дунд хугацаанд хөгжүүлэх бүх талын арга хэмжээнүүд туссан. Нэмж хэлэхэд энэ бүгдийг төр дангаараа гүйцэтгэнэ  гэсэн үг биш, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн оролцоо нэн шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөх хүч нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх идэвхтэй хамтын ажиллагаа чухал. 

Үнийг чөлөөлж, үр ашигтай зах зээлийн зарчимд шилжих нь зүйтэй

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай хэвээр байна. Хүртээмжтэй олон талт оролцоог бий болгохын тулд бодлогын хувьд хэрэгжүүлж буй ямар ажлууд байна вэ?

Эдийн засгийн өсөлтийг хангаж буй  төсвийн орлогыг  уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байгаа. Тэгэхээр аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тээвэр, боловсруулах үйлдвэрлэл гээд олон салбарыг хөгжүүлж байж манай улсын эдийн засаг нэг салбарын  хараат байдлаас гарах   юм.

Засгийн газраас салбар тус бүрийн  бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шатаар нэмэх бодлогыг зарлан, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд гангийн үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй нүүрс угаах үйлдвэрийн төсөл 2024 оны 5 дугаар сард ашиглалтад орох юм. Ер нь боловсруулах салбарт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, ураны олборлолт, хүдрийн баяжмал боловсруулах зэрэг аж үйлдвэржилтийг хөгжүүлэхэд   хувийн хэвшлийн оролцоог  дэмжиж, хөрөнгө оруулалт татах ажлыг эрчимжүүлнэ.

Уул уурхайн салбарт  зогсонги байдалд ороод байгаа  геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр орд илрүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэх, ордуудын ашиглалтыг хангах  чиглэлээр ажиллана. Ингэхдээ онгоц, дрон ашиглан агаарын геофизикийн судалгааг гүйцэтгэн илэрц бүхий байршлуудыг хувийн хөрөнгө оруулагчдад дуудлага худалдаагаар борлуулдаг тогтолцоо, зарчимд шилжихээр төлөвлөж байна. Ингэснээр ил тод байдал сайжирч, цаашид монополь байдлыг халах зорилготой.

Хөдөө аж ахуйн салбарт бодлогын цогц шинэчлэл хийж, хувийн хэвшлийн оролцоог нэмж,  зах зээлийг бүрдүүлэн төлөвших үйл явцыг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгож буй бүх төрлийн үр ашиггүй татаасыг зогсооно. Үнийг хязгаарлах  үйл ажиллагаан дахь   төрийн оролцоог бууруулна. Манайд ХАА-н бирж байгуулагдаад 10-аад жил болж байгаа ч өнөөг хүртэл  үйл ажиллагаа нь тодорхой бус  байна.  ХАА-н бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орох ёстой.   Засгийн газраас ХАА-н биржийг Монголын Хөрөнгийн биржид түшиглэн ажиллуулах холбогдох шийдвэрүүд гарсан. Ойрын хугацаанд үр дүн гарах байх гэж найдаж байна. Суурь нь зөв тавигдвал цаашлаад бирж төрөлжих, өргөжих боломж аяндаа бүрдэнэ.

Эрчим хүчний салбарт баримтлах төрийн бодлого   тодорхой байх ёстой.  Өнгөрсөн хугацаанд нийгмийн дунд нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй  байгаа нь харагдаж байна?

Эрчим хүч, тээврийн салбарууд   үндсэндээ Монгол Улсын хөгжлийг нэлээд хойш татаж байна. Эрчим хүчний салбарын хувьд  шийдэх олон асуудал бий. Гэхдээ юуны түрүүнд  либералчлалыг бүрэн хэрэгжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах,  салбарын чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай.

ЗТХЯ-ны зүгээс тээврийн салбарыг либералчлах санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэн ажиллаж, эхнээсээ тодорхой  үр дүнгүүд гарч байна. Цаашид либералчлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн төмөр зам, агаарын тээвэр, авто замын төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгох арга хэмжээг хэрэгжүүлж, гадаад, дотоодын аж ахуй нэгжүүд зах зээлд нэвтрэх саад, хоригийг бууруулна. Мөн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчимд нийцсэн, шударга, үр ашигтай тарифыг тогтоох замаар салбарын өрсөлдөөнийг дэмжинэ. Ойрын хугацаанд хийх бүтээн байгуулалтын хувьд дунд, урт хугацааны баримт бичигт тусгасан ажлууд эрчимтэй явагдаж байна. Ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна аялал жуулчлалын салбар бол цаашдаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох боломжтой. Тухайлбал, аялал  жуулчлалын авто замын сүлжээг нэмж, 200 км тутамд амрах өртөөнүүдийг байгуулан, нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн, суурь дэд бүтцийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн түүх,  соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан  аялал жуулчлалын чөлөөт бүсийг байгуулах зэрэг ажлыг хийх бүрэн боломжтой.

Дотоодын санхүүгийн зах зээлд гадаадын банк орж ирэх нь санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Ингэж байж зээлийн хүү буурна, зээлийн олдоц боломж бүрдэнэ. Төрөөс бүх салбарт үнийг хүчээр барих, бууруулах зохицуулалтыг хязгаарлаж, үр ашигтай, зах зээлийн зарчимд шилжүүлэх нь зүйтэй. Хувийн хэвшил үүсэж бий болоод 30 гаруй жил болж байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүний 78%-ийг бий болгож байгаа нь чамгүй үзүүлэлт.

Төрийн оролцоо их мэт харагдаж байгаа нь “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит уул уурхайн компаниудтай холбоотой. Эрчим хүч болон тээврийн салбарт төрийн оролцоо их байна. Гэтэл төрийн оролцоо өндөр байхын хэрээр зарим талаараа хөгжлийг саатуулагч, хязгаарлагч болж хувирсан. Иймээс хүртээмжийг дээшлүүлэхэд  бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих хууль эрх зүйн орчныг илүү тодорхой болгож,  холбогдох салбаруудад баримтлах бодлого тодорхой байх нь зүйтэй.

ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЭХ НЬ   ӨСӨЛТИЙГ БИЙ БОЛГОЖ, ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛИЙН НӨЛӨӨЛЛИЙГ  БУУРУУЛДАГ

Та санхүүгийн зах зээлд гадаадын банк орж ирэх нь   салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ гэж хэллээ.  Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь эдийн засгаа сэргээх нэг арга.   Монгол Улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын дийлэнхийг уул уурхайн салбар эзэлж байна. Хөрөнгө оруулалтыг бусад ямар чиглэлээр төрөлжүүлэхээр ажиллаж байна вэ? 

Нэг статистик хэлье л дээ. Монгол Улсад 1990-2023 оны байдлаар нийт 41.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс 73%  нь уул уурхайн олборлолт, 11% нь худалдаа, үйлчилгээний салбарт хийсэн бол бусад салбарууд нийлээд 16%-ийг эзэлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжөөгүй, зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байгааг харуулж байгаа биз.

Эдийн засгаа төрөлжүүлэх нь улс орны хөгжилд нэн чухал бөгөөд тогтвортой байдал болон өсөлтийг бий болгож, гадаад хүчин зүйлсээс өртөмтгий байдлыг бууруулдаг. Иймд хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт төрөлжүүлэх нь чухал байна. Би түрүүн хэлсэн манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц ихтэй бөгөөд эдгээр салбар болон дэд бүтэц, аялал жуулчлал, чөлөөт бүс зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт хийх бүрэн боломж бий. Эдгээр салбаруудад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлнэ.

Тодотгож хэлэхэд, төрийн зүгээс хувийн хэвшлийг гадаад зах зээл рүү худалдаа хийх бололцоог нээх, экспортыг нэмэх зорилгоор БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ОХУ-тай зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлүүлэх тухай хэлэлцээрийг эхлүүлээд байна. Эдгээр хэлэлцээрийг амжилттай байгуулсан тохиолдолд Монгол Улсын иргэн, ААН-үүдийн орлого, экспорт  нэмэгдэж, эдийн засгийг төрөлжүүлэхэд томоохон түлхэц болно гэж харж байна. 

Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна.  

Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан энэ оны 6 дугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтыг дахин идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэх, ажлын байр нэмэгдэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулан, хяналт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 413 дугаар тогтоолоор сэргээгдэх эрчим хүч, уул уурхай болон бусад чиглэлд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай 32 аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мөн 2023 оны 160 болон 413 дугаар тогтоолуудаар уул уурхай, газрын тос, хүнс, аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай 11 аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлыг судалж, хуулийн дагуу шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон.

Гуравдугаарт, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулан үйл ажиллагаа  явуулж байна. Тус агентлаг нь   хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах,   бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах,   эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, нэг цонхны цахим  үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлж байна.  

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан голлох өөрчлөлтүүдийн талаар тодруулна уу?   

Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчийг зах зээлийн судалгаа, мэдээллээр хангах, шинээр хөрөнгө оруулалт орж ирэх үеийн бүртгэл, тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг сайжруулж,   хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлага  бол бий.

Эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчин бий болгох ажлын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахад чиглэсэн. u

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтыг арилгаж,   хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэх,   хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах зэрэг зарчмын өөрчлөлтүүд орсон. Ингэснээр шинээр хөрөнгө оруулалт хийхэд илүү хялбар болж, оруулсан хөрөнгө оруулалтыг төрөөс шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахгүй байх, үүссэн асуудлыг хамтран шийдвэрлэх ойлгомжтой механизм бүрдэж байна гэж ойлгож болно.

Түүнчлэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудад үүрэгжүүлж, төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалт, тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох, татварын урамшуулалтай холбоотой асуудлыг олон улсын байгууллагуудын зөвлөмжид нийцүүлэн татварын хуулиар зохицуулахаар тусгаад байна.

2024 ОНЫ   ТӨСӨВ НЬ ЭКСПОРТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ  ТОМ БОДЛОГО РУУ ЧИГЛЭСЭН

Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх төсөлд зарлагын өсөлтөөс гадна Засгийн газрын нийт өрийг 5.1 их наяд төгрөгөөр нэмж, 44 их наяд төгрөг байхаар тусгасан. Засгийн газар 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх байдлаар эхлүүлж байгаа нь зарлагаа өсгөх, улс төрийн амлалтыг санхүүжүүлэх, шинэ бүтээн байгуулалтын шав тавих зэрэг богино хугацааны зорилгын хүрээнд төсвийг ашиглах эрсдэлтэй болгож байна гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Та санал нийлэх үү? 

Төлөвлөлт болон төсөвлөлт хоорондын уялдаа, нийцлийг хангах хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам улсын хэмжээнд хэрэгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийг хийж, нөгөө талаас Сангийн яам тухайн жилийн төсвөөр дамжуулан эдгээр бодлогуудыг төсвийн боломж, хязгаарын хүрээнд санхүүжүүлэх үүрэгтэй ажилладаг.

Энэ жил буюу 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт огт тусгагдаагүй бөгөөд гадаад өрийг тэглэх, өмнө нь дууссан олон ажлыг цэгцлэх бодлого баримталсан.

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь тухайн оны эхний хагаст батлагддаг. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийн нэг төсөв жилийн сүүлийн хагаст боловсруулж, 11 дүгээр сард баталдаг. Энэ утгаараа 2024 оны Монгол Улсын төсөв нь Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй уялдуулан экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх том бодлого руу чиглэсэн төсөв болсон гэж үзэж байгаа.

Мөн Төсвийн тухай хуульд энэ оны 7 дугаар сард орсон нэмэлт, өөрчлөлтөөр Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах асуудал нь Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэн. Энэ хүрээнд дараа дараагийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа төс­вийн хуваарилалтын үр ашгийг дээшлүүлэх, бодлого, төсөвлөлт хоорондын уялдааг хангасан дунд хугацаанд төсвийн бодлогыг тодорхойлохоор төлөвлөж байна. Цаашид төсвийн төлөвлөлтөөс шалтгаалж, баталсан төсвийн хүрээгээ дахин дахин өөрчилдөг асуудал гарахгүй байх зарчим баримтална.

Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх шаардлагатай талаарх тайлбарт “2024 онд экспортлох нүүрсний биет хэмжээг 60 сая тоннд хүрэх бололцоотой” хэмээсэн. Хэр үндэслэлтэй тайлбар вэ?

Нүүрсний экспорт энэ оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 67 сая тоннд хүрсэн байгааг эхлээд хэлье. Он дуустал энэ тоо өснө. Төсвийн тооцоо хийж байх үе буюу 8 дугаар сарын сүүлээр олон хүн 60 сая тонн нүүрс экспортлох боломжгүй, хэт өөдрөг төсөөлөл хийж байна гэж шүүмжилж байсан. 

2023 онд  Засгийн газраас хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бол экспортын нүүрсний тээвэрлэлтийг сайжруулах, ТӨК-иуд дээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, компаниудын засаглал, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсан явдал юм.

Үр дүнгээ ч өгсөн. Экспорт, тээврийн зохион байгуулалтыг сайжруулсан, төрийн өмчит хуулийн этгээдүүдэд онцгой дэглэм тогтоож, компанийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шинэчилсэн  зэрэг хүчин зүйлсийн үр дүнд ашигт малтмалын экспортын гүйцэтгэл сайн байна.

60 сая тонн нүүрс экспортлоход олборлолт, тээвэр зохион байгуулалт, хил орчмын зохицуулалтын талаар бэлтгэл бүрэн хангагдсан.

Нүүрсний эрэлт талаас гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт III улирлын байдлаар 5.2 хувь байна. Энэ нь олон улсын шинжээчдийн хүлээлт, төсөөллөөс өндөр байна. Ялангуяа, Хятадын хойд бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2023 оны эхний III улирлын байдлаар улсынхаа дундаж өсөлтөөс өндөр байгаа нь нүүрсний эрэлтийг ихээхэн дэмжиж байна.

Боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Эдгээр төмөр замууд бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын биет хэмжээг 2 дахин нэмэх боломж бүрдэх юм.

Сайн мэдээ гэвэл Хятадын зах зээл дээр гангийн эрэлт нэмэгдэж төмрийн үнэ өндөр байна. Энэ нь манай улсын төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлтийн төлөвийг сайжруулж байна.

Цаашид экспортын хэмжээг өсгөх хүрээнд хил дамнасан төмөр замын холболтыг эрчимжүүлэх, ухаалаг гарцыг ашиглалтад оруулах, хатуу хучилттай авто замаар холбох, уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог өргөжүүлэх ёстой, энэ чиглэлээр ч тасралтгүй ажиллаж байна.

2023 оны төсвийн хэрэгжилтийг Та хэрхэн дүгнэж байна вэ? 2024 оны төсвийн орлого, зарлагын онцлог нь юу байх вэ?

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар төсвийн гүйцэтгэл  21.6 их наяд төгрөгт хүрч жилийн төлөвлөгөөний 99%  нь биелээд байна. Орлого төвлөрөлт сайн байгаатай холбоотой  төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сайжирсан. 2022 оны эцэст 1 их наяд төгрөгийн алдагдалтай байсан төсөв энэ оны 11 дүгээр сарын байдлаар 1.9 их наядын ашигтай байна. u

Энэ онд төсөв ашигтай гарах байх. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2018 онд  төсөв ашигтай гарч байлаа.

Төсвийн орлого ийнхүү  нэмэгдэхэд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээ  ил тод болж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоонд шилжсэн зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтоос экспорт хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хийгдэж буй  бүртгэл хяналт сайжирч, ил тод байдал хангагдаж байгаатай л холбоотой. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. 

2023 оны эхний 3 улирлын байдлаар ДНБ 6.9%-иар өссөн. Өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?

Сүүлийн улирлуудад эдийн засаг тогтвортой өсөж байна. Өнгөрсөн оны сүүлээс экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж эхэлсэн  дээрх цогц арга хэмжээний үр дүнд нүүрсний олборлолт, экспорт түүхэн дээд  хэмжээнд хүрлээ. Түүнчлэн Хятадын эдийн засаг олон улсын шинжээчдийн хүлээлтээс давж,   өссөн нь  гадаад талаас эдийн засгийн эрэлтийг сайжруулж, өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн. 

Мөн эдийн засгийн дотоод идэвхжил сайн байна. Өрхийн бодит орлого үнийн өсөлтийн улмаас оны эхэнд 3.9%-иар муудаад байсан бол сүүлийн хагаст сайжирч, III улирлын байдлаар 12%-иар өссөн. Энэ нь дотоодын хэрэглээг дэмжиж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө.

Мөн эрдэс баялгийн  бүтээгдэхүүний олборлолт, экспорт нэмэгдэж, уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг голлон дэмжиж байна. Энэ нь нүүрс олборлолт эрчимтэй нэмэгдсэн, энэ оны 3 дугаар сард Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмал үйлдвэрлэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой. Мөн экспортыг дагасан уул уурхайн бүтээгдэхүүний ачаа тээвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдэж тээврийн салбарт эерэг нөлөө үзүүлж байна.

Харин өнгөрсөн он зуншлага тааруугаас өвөлжилт хүндэрч сүүлийн 14 жил байгаагүй хэмжээгээр мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурсан.

Уул уурхай, барилгын салбараас бусад салбарууд цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн байна. Тухайлбал, боловсруулах, хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл цар тахлын өмнөх түвшнээс өссөн. Харин уул уурхайн салбарын хувьд нүүрс олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн ч цар тахлын өмнөх түвшнээсээ 8%-иар бага байгаа. Үүнд, алт олборлолт цар тахлын өмнөх түвшнээс 1.4%-иар, төмрийн хүдэр олборлолт 37%-иар, газрын тос олборлолт 28%-иар бага байгаа нь голчлон нөлөөлж байна.

Барилгын салбарын хувьд 2019 оны түвшнээс 27%-иар бага байгаа бөгөөд дэлхий дахинд  тархсан цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас  үүдэн тээвэр, ложистикийн хүндрэл саатал үүсч барилгын материалын нийлүүлэлтийн тасалдлаас шалтгаалж өссөн үнэ удаан хугацаанд хадгалагдаж, салбарын үйл ажиллагааны идэвхжлийг сулруулж байна.

Энэ жил сонгууль болно. Сонгуулийн дараа инфляц өсдөг. 2024 онд энэ байдал давтагдах уу? Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яамны баримтлах бодлого юу вэ?

Энэ онд инфляц 8.6% гарсан түвшиндээ байх болов уу гэж харж, төсөөлж байна. Ирэх оны хувьд байгаль, цаг уурын нөхцөл байдал таатай байж, геополитикийн хүндрэл, улс орнуудын хурцадмал байдал  намжвал  инфляц Монголбанкны зорилтот интервалд очих боломжтой.

Засгийн газрын зүгээс бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих, бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, төрөөс олгодог тусгай зөвшөөрлүүдийг цахим хэлбэрт шилжүүлж зохицуулалтыг хялбарчлах, мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд шууд худалдаалах, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нийлүүлэлт, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сувгийг нэмнэ.

Мөн байгаль орчны үнэлгээ хийх процесс, зохицуулалтыг хялбарчилж, зарим бизнесийн үйл ажиллагаанд уг үнэлгээг огт шаарддаггүй байхаар зохицуулсан. Макро эдийн засгийг тогтворжуулахтай холбоотой эдгээр ажлыг бүрэн хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд дотоодын бараа, үйлчилгээний инфляц буурах ач холбогдолтой юм.

Мөн валютын нөөцийг нэмэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх оны 6 дугаар  сард инфляцын 55%  нь импортын гаралтай байв. Харин гадаад валютын нөөц нэмэгдэж, валютын ханш, зах зээл тогтворжсоноор энэ тоо 36.1%  болж буурсан. u

Цаашид экспортын орлогыг нэмэх, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, тээвэр ложистикийн хүртээмж, хүчин чадлыг сайжруулж, тээврийн өртгийг бууруулах, төрийн зохицуулалтыг хялбарчлах зэргээр зах зээлийн өрсөлдөөн, бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Төв банкнаас макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний хатуу  бодлогыг үргэлжлүүлнэ гэж бодож байна.

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан. Тогтоолын хэрэгжилт хэр байна вэ?

Өнгөрсөн онд төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш огцом суларсантай холбоотой  Монгол Улсын Засгийн газраас 362 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах тогтолцоо бүрдсэн. Одоо Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр арилжина. Өөрөөр хэлбэл, тэдгээр компани, хуулийн этгээдүүд биржээс гадуур, хууль бусаар худалдан борлуулсан бүтээгдэхүүн экспортод гарахгүй, харин хуулийн дагуу биржээр ил тод арилжаалсан бүтээгдэхүүнүүд экспортод гарна гэдгийг хэлье.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2023 оны эхний 11 сарын байдлаар нийт 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг нээлттэй арилжаалаад байна.

Мөн тогтоолын хэрэгжилтийн хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем, тогтолцоог нэвтрүүлсэн. Уг системд 2023 оны эхнээс ашигт малтмалыг худалдан борлуулах гэрээ бүртгэгдсэн тохиолдолд тухайн ашигт малтмал экспортод гардаг байх зохицуулалт үйлчилж эхэлсэн. Ингэснээр олборлох, борлуулах үйл ажиллагааны ил тод байдал хангагдаж байна.

Мөн 2024 оноос уг системд ашигт малтмалыг тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээнүүдийг бүртгүүлсэний үндсэн дээр тухайн ашигт малтмал экспортод гардаг байх зохицуулалт үйлчилж эхэлнэ. Энэ нь ашигт малтмалыг тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой ил тод байдал бүрэн хангагдаж, энэ яригдаад байгаа нүүрс тойрсон элдэв асуудал давтагдахгүй байх нөхцөл бүрдэх юм.

Уг тогтоолын хэрэгжилтийн үр дүнд өнгөрсөн оны 8, 9 дүгээр саруудад 2.4 тэрбум ам.долларт хүрч буураад байсан гадаад валютын албан нөөц  энэ оны 11 дүгээр сарын байдлаар 4.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Энэ нь валютын ханш тогтворжих, инфляц буурахад эергээр нөлөөллөө.

Цаашид экспортын зохион байгуулалтыг сайжруулж, валютын орлогыг нэмэгдүүлэхэд уул уурхайн биржийн үйл ажиллагааг өргөжүүлэх, биржээр арилжаалсан бүтээгдэхүүнийг хилийн боомтын тусгай гарцаар экспортод гаргах, хилийн боомтуудын  ухаалаг гарц, шинжилгээний төхөөрөмж, лаборатори, рентген төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулах, гааль, татварын бүртгэлийг бүрэн автоматжуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын  эдийн засгийн ирэх оны төлөвийг  Та хэрхэн харж байна вэ?

Эдийн засгийн хөгжлийг макро эдийн засгийн тогтвортой өсөлт, үнэ, ханшийн тогтвортой орчин, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын оновчтой бодлоготой уялдуулан   хувийн хэвшлийн секторыг дэмжинэ.

Ер нь макро эдийн засгийн өсөлт тогтворгүй, хэлбэлзэл өндөр байх нь төсөв, мөнгөний бодлогын тогтворгүй байдлыг бий болгож, үүнийг дагаад ханш, үнийн савлагаа үүсгэдэг. Зарим жилдээ бид 17%-ийн өсөлттэй, зарим жилдээ 0%-ийн өсөлт рүү ордог, заримдаа хасах тал руу ордог. Эдийн засгийн өсөлт   ийнхүү хэлбэлзэхэд   төсвийн орлого, зарлага болон хүү   тогтворгүй байдаг. Үүнийг дагаад үнэ ханшийн хэлбэлзэл өндөртэй байна. Эдийн засгийн тогтворгүй байдал нь үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байна. Иймд Засгийн газрын зүгээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд Монгол Улсын эдийн засгийг 10 орчим жил 6%-иас дээш өсгөх бодлогыг барьж байна.

Түүнчлэн Монгол Улсын гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.доллар хүртэл тогтвортой нэмэгдүүлж, валютын ханшийн хэлбэлзлийг бууруулах бодлого баримтална. Гадаад валютын нөөц 2017 онд 2.1 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 5 тэрбум долларт хүрч нэмэгдсэн. Цар тахлын 2 жилийн хугацаанд эргэж 2.4 тэрбум руу унасан бол одоо 11 дүгээр сарын эцсээр 4.3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Цаашдаа валютын нөөцийг тогтвортой, хангалттай түвшинд барихгүй бол валютын ханшийн огцом хэлбэлзлүүд нь эргээд эдийн засагтаа тогтворгүй байдлуудыг үүсгэдэг. Валютын нөөцийг нэмэгдүүлэх тууштай, зөв бодлого   баримталбал 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой. Ингэснээр төгрөгийн ханшийн тогтвортой байдал хангагдана.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч байна.  Энэ жил төсвийн орлого давж биелнэ. Алдагдал нэлээд буурна. Энэ бодлогоо үргэлжлүүлэн төсвийн ашиг, алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% дотор тогтвортой хадгална. Төсвийн алдагдал  бага байвал  эдийн засгийн тогтвортой байдал  бүрэн хангагдах боломжтой.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал,  эрдсийн зах зээлийн эрэлт хэрэгцээ Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Эрдсийн зах зээлийн хувьд бүтээгдэхүүн тус бүрээр ялгаатай хандлагууд ажиглагдаж байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой  ногоон хөгжлийг чухалчлах асуудлууд дэлхий даяар яригдаж байгаа нь манай эдийн засгийн хувьд таатай төлөв байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины эрэлт, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үүнтэй холбоотой  зэс, алт, уран, газрын ховор элемент зэрэг металын эрэлт цаашид үргэлжлэн нэмэгдэхээр байна.

Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Үүнийг бүрэн ашиглах, эрчим хүч экспортлоход онцгой анхаарах хэрэгтэй байна. Ногоон хөгжлийг чухалчлахтай холбоотой нүүрсний хувьд эрэлт  урт хугацаанд буурах байх. Гэхдээ ойрын хэдэн жилдээ нүүрсний эрэлт өндөр байна. Бид энэ боломжийг бүрэн гүйцэд ашиглах ёстой. Төмөр замын холболтуудаа гүйцээж, хил гаалийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах нь маш чухал байна.

Дэлгэрэнгүй ярилцсан Танд баярлалаа. n