Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

А.БАЯРМАА: МАНАЙ ҮЙЛДВЭР ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ НОГООН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

А.БАЯРМАА: МАНАЙ ҮЙЛДВЭР ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ НОГООН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

“Бадрах Энержи” ХХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаатай ярилцлаа.

Зөөвч-Овоо ураны ордын боловсруулах үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ?

Зөөвч-Овоо болон Дулаан Уулын ураны ордыг хамтад нь ашиглах ТЭЗҮ-д уран олборлох, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг жилдээ 2500 тонн байхаар тооцсон бөгөөд 2028 оноос

үйлдвэр ашиглалтад орно. Олборлолтын нэрлэсэн хэмжээгээ дөрвөн жилийн хугацаанд нэмэгдүүлсээр тав дахь жилдээ үйлдвэрлэл маань жилийн 2,500 тоннд хүрэх юм. Энэ хэмжээг бусад ашигт малтмалууд нүүрс, төмөр, зэсийн олборлолттой харьцуулбал харьцангуй бага сонсогдоно. Дэлхийд нэг жилд 60 орчим мянган тонн уран олборлож боловсруулдаг. Манай компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” компани өнгөрсөн 2022 онд нийт 7,524 тонн ураныг гурван улс дахь уурхайгаасаа олборлон боловсруулсан. Дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа Казахстан улс 20 орчим ГДУО уурхайгаасаа 2021 онд дунджаар 21,800 тонн уран олборлосон байна. Тэгэхээр ураны хувьд 2500 тонн бол бага тоо биш юм.

Уран олборлох, үйлдвэрлэхэд хоногт хэр хэмжээний эрчим хүч шаардлагатай вэ?

Төсөл хэрэгжсэнээр цахилгааны хэрэглээ жилд дунджаар 71.3 ГВт.ц байна гэж ТЭЗҮ[1]дээ тооцоолсон. Цахилгаан хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн нийт суурилагдах чадал нь 8-12 МВт байна. Үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний (80 орчим) ихэнх хувийг уран уусган олборлох, давирхайд уран шингээж авах процесст зарцуулах бол олборлолт, боловсруулалтын бусад хэсэг нь харьцангуй бага хэрэглээтэй.

Зөөвч-Овоо төслийн хүрээнд хүхрийн хүчил үйлдвэрлэх цех барихаар төлөвлөж

байгаа бөгөөд уг үйлдвэрээс гарах халуун уурыг цахилгаан эрчим хүч болгож ашиглана. Дэлгэрүүлбэл, хүхрийн хүчил бэлтгэх, үйлдвэрлэх эх үүсвэр нь элементийн хүхэр буюу хуурай хүхэр байх юм. Үүнийг хүхрийн хүчлийн хоёрч, гуравч исэл болгон хувиргаж, хүчил үйлдвэрлэх явцад маш их халуун уур үүсдэг. Энэ халуун уурыг дулаан, эрчим хүч болгон хувиргаж, ашиглах боломжтой.

Эрчим хүчний хэрэгцээнийхээ хэдэн хувийг өөрөө хангах вэ?
Цахилгааны нийт хэрэглээний 40 хувийг өөрөө хангахаар төлөвлөж байна.

Дээр хэлсэнчлэн, манайх үйлдвэрийн талбай дээрээ хүхрийн хүчил үйлдвэрлэж бэлтгэх цех барих юм. Энэ цех нь өдөрт 700 тонн хүхрийн хүчил бэлтгэх хүчин чадалтай байна. Хамгийн багадаа 5 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ нь манай төслийн нийт хэрэглээний 40 хувийг хангах боломжтой гэж тооцсон. Үлдсэн 60 хувийн эрчим хүчний хэрэглээгээ бид нүүрстөрөгчийн хий ялгаруулалгүй үйлдвэрлэсэн салхи, нар гэх мэт ногоон эрчим хүчээр хангах зорилт тавьсан.

Сайншандын салхин цахилгаан станцаас хэрэгцээт эрчим хүчнийхээ хэдэн хувийг авах вэ?

Сайншандын салхин цахилгаан станц 50 МВт эрчим хүч үйлдвэрлэж, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлдэг юм байна.

Бид ногоон эрчим хүч хэрэглэх зөвшөөрөл ногоон сертификатыг холбогдох төрийн байгууллагаас авч, Сайншандын 110/35/10 кВ-ын дэд станцаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг төслийн талбай хүртэл ойролцоогоор 100 км-ийн уртад татаж, 110/6.3-ын дэд станц барин, цахилгаан түгээх шугам сүлжээнд холбогдсоноор Сайншандын салхин цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчнээс авч төслийн эрчим хүчний хэрэглээний 60 хувийг хангана.

Хүхрийн хүчлийн цехээс эрчим хүч гаргаж авах нь хэр үр ашигтай, орчин үеийн технологи вэ?

Хүхрийн хүчил гарган авах технологи нь орчин үеийн бүрэн автомат стандартад нийцсэн бөгөөд дэлхийд сайн танигдсан өргөн хэрэглэгддэг технологи юм. Хуурай хүхрээс хүчил үйлдвэрлэх явцад үүсэх халуун уурыг эрчим хүч болгон хувиргадаг HRS / Sulfuric Acid Heat Recovery Systems/ систем байдаг. Цахилгаан эрчим хүчний турбин үүсгэврээс хүхрийг шатаах, SO2/SO3-д хувиргах хэсгүүдээс ирэх өндөр даралтат хэт халсан уураар уурын турбиныг (конденсац төрлийн) ажиллуулан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргаж авдаг аргыг манайх Зөөвч-Овоо төсөл дээрээ ашиглана.

Хэр том үйлдвэр вэ?

700 тонны хүчин чадалтай үйлдвэр бол жижигт тооцогдоно. Өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд нь өдөртөө 3000 тонн хүчил үйлдвэрлэдэг.

Хүхрийн хүчлээс эрчим хүч гарган авч, ашиглаж байсан туршлага танайд бий юу?

“Орано” групп Канад, Нигери улсад ажиллаж байгаа уурхайдаа хүхрийн хүчил үйлдвэрлэж хэрэглэдэг. Эдгээрийн нэг нь ил, нөгөөх нь гүний уурхай. Газрын гүнээс гарган авч буй хүдэр чийгтэй байдаг. Хүхрийн хүчлийн үйлдвэрээс гарч буй халуун уурыг хүдрээ бутлахын өмнө чийгийг нь хатаахад ашигладаг юм. Эрчим хүчний зориулалтаар биш. Нөгөө талаар “Орано” групптэй хамтран ажилладаг, Казахстанд байдаг “Катко” компани хүхрийн хүчлийн үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Ганцхан “Катко” биш, эргэн тойронд нь байгаа АНУ, Япон, Канад гэх мэт олон орны 20 гаруй уурхай газар доор уусган олборлох технологи ашигладаг.

Эдгээр уурхайн хэрэгцээг хангахын тулд Казахстан улс хүхрийн хүчил бэлтгэх үйлдвэр байгуулж байгаа юм. Учир нь Орос, Украины дайнаас болоод, хүхрийн хүчлээ өөрсдөө хангах асуудал тус улсад тулгарсан. Үйлдвэрүүдийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагатай болсон. Уран олборлох, боловсруулах үйлдвэрийн хамгийн гол химийн урвалж нь хүхрийн хүчил байдаг.

Хүхрийн хүчлийн үйлдвэр хэзээ ашиглалтад орох бол?

2028 онд уран олборлох, боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор эхний 1-2 жилдээ манайх гадаадаас хүхрийн хүчил оруулж ирж, ашиглана. Гурав дахь жилээс хүхрийн хүчил бэлтгэх цех бэлэн болно. Тэр үед гадаадаас хуурай хүхэр оруулж ирээд, талбай дээрээ хүхрийн хүчлээ үйлдвэрлэж бэлтгэнэ. Элементийн хуурай хүхэр нь аюулгүй, тээвэрлэхэд хялбар.

Хадгалах агуулах сав хэр найдвартай вэ?

Үйлдвэрт хуурай хүхрээ шингэрүүлж, хоёрч, гуравч исэл болгон хувиргаад, хүхрийн хүчил үйлдвэрлээд хэрэглэнэ. Бүх үйл ажиллагаа нь автомат байх юм. Үйлдвэрлэлийн автоматжуулалтын системээр, дэлгэцээр үйлдвэрлэлийн явц, аюулгүй ажиллагааг хянаж, удирдана. Энэ хэсэгт хяналт удирдлага, засварын цөөн тооны хүн ажиллана. Хяналтын автомат системтэй. Үйлдвэрийн талбайд химийн бодисын агуулахын стандартад нийцсэн, тусгай зориулалтын агуулахууд байна.

Монгол Улс Говьсүмбэр, Бор[1]Өндөрийн аль нэгэнд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барихаар төлөвлөж байна. Энэ үйлдвэрээс жилд 400 мянган тонн хүхрийн хүчил гарна. Уран олборлох, фосфоритын бордоо үйлдвэрлэхэд хүхрийн хүчил ашигладаг. Танайх энэ үйлдвэрээс хүхрийн хүчил авах уу?

Монгол Улс олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэдгээрийн нэг нь зэс цэвэршүүлэх үйлдвэр. Гэвч одоогоор энэ үйлдвэр төслийн шатанд байна.

Манайх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор үйлдвэрийн талбайд хүхрийн хүчил үйлдвэрлэж бэлтгэх цехтэй байхаар төлөвлөсөн.

2028 онд манай төсөл эхлэх үед зэсийн баяжмал цэвэршүүлэх төслүүд хэрэгжээд, хүхрийн хүчлийн хэрэглээг хангах боломжтой болсон тохиолдолд бид авч ашиглах боломжтой. Бэлэн түүхий эдтэй боллоо гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд хүчлийн үйлдвэр барихад хөрөнгө оруулах шаардлагагүй болно гэсэн үг.

Хүхрийн хүчил алдагдах эрсдэлийг хэрхэн тооцож байна вэ. Хүхрийн хүчлийн хэрэглээ, аюулгүй байдлыг ямар системээр хянах вэ?

Хүхрийн хүчлийн эрсдэл гэхээр хоёр өөр зүйл ярьж болно. 1-рт, газар доор уусган олборлох технологиор газар доор байгаа ураныг уусгаж авахад хүхрийн хүчил хэрэглэнэ.

Газрын гүнд ураны хүдэр агуулж байгаа элсэн давхарга өөрөө устай. Тэнд байгаа элсэн завсар ус бий. Гол горхи шиг урсаж байгаа ус биш, чийгтэй элс гэсэн үг л дээ. Тэр элсний мөхлөгний гадуур, завсар хооронд уран бүрхсэн байдаг. Урантай элсний мөхлөг хооронд байгаа усыг шахуурагдаад, хүхрийн хүчлийн сулруулсан уусмал болгоод шахна. 99 хувь нь ус, 1 хувь хүхрийн хүчил агуулсан уусмал ашиглах юм. Уг уусмал ураныг элс буюу хүдрээс нь салгаж, өөртөө уусгана. Ураныг уусгах энэ явц сар гаруй хугацаа шаардана.

Газрын гүнд байгаа уран агуулсан элсэн давхаргын дээд, доод талд тасралтгүй үргэлжилсэн шавран давхарга бий. Энэ давхарга бол геологийн гол нөхцөл нь. Мөн урантай давхаргын дээр болон доор байрлах бусад элсэн давхаргууд устай бөгөөд

хоорондоо холбогдоогүй байх бас нэг шалгуур байгаа. Эдгээр давхаргууд хоорондоо шавран давхаргаар бие биеэсээ тусгаарлагдсан байдаг.

Хэрвээ ийм шавран давхарга байгаагүй бол манайх газар доор уусган олборлох технологи ашиглах боломжгүй болох байлаа. Шавран давхарга нь хүхрийн хүчилтэй сулруулсан уусмалыг дээш, доош алдахаас хамгаална. Бас урантай элсэн давхаргад шахсан хүхрийн хүчилтэй уусмалыг давхарга дотроо эргэлдэх нөхцөлийг хангахдаа шахах болон сорох даралт ундаргыг ижил байлгадаг.

Ууссан ураныг нь соруулан авч, боловсруулах үйлдвэр лүү дамжуулна. Үйлдвэрт уусмалаас ураныг өөртөө шингээх шинж чанартай резин-давирхайд шингээж аваад, давирхайг уранаар бүрэн ханасны дараа ураныг нь салгаж, тунадасжуулж, өтгөрүүлэн, шүүж хатаагаад, савлаж борлуулахад бэлэн ураны исэл болгох юм.

2-рт, элементийн хүхрээс хүхрийн хүчил үйлдвэрлэж бэлтгэх цехээс хүхрийн хүчил асгарах, гоожих эрсдэл байхгүй. Хяналт, шалгалтын системтэй байх юм. Тэр дундаа үйлдвэрээс гарах хий болон усыг байнга хянаж шалгах системтэй байна.

Уран олборлох боловсруулах үйлдвэр болон хүчил бэлтгэх цехийн үйл ажиллагааг үйлдвэрийн автоматжуулалтын нэгдсэн хяналтын системээр дэлгэцээр хянаж ажиллана.

Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт хийгдсэн арван найман сарын хугацаанд манай компани аль ч төрлийн нэг ч осолгүй ажилласан. Энэ нь бидний ашиглахаар төлөвлөж байгаа технологийн найдвартай байдал болон манай хамт олны мэргэлийн ур чадварыг илтгэж байна гэж бодож байна.

Усаа дахин ашиглах уу?

Тэгнэ. Газар доор уусган олборлох технологийг дэлхий дээр хэрэглэж эхлээд 60-аад жил болж байна. Газар доор уусгахын учир нь ураныг үүссэн газарт нь уусгаж авах юм. Элсний ширхэг бүрийн гадуур бүрхүүл маягаар уран хуримтлагдсан байгаа. Тэр элсний мөхлөгийг бүрхсэн болон завсар хооронд байгаа уран нь сулруулсан хүчлийн уусмалын үүсгэх хүчиллэг орчинд уусдаг. Элс нь тэндээ үлдэнэ. Тиймээс газар доор нүх, хонгил үүсэхгүй. Газар дээр элс, шороо гаргаж ирэхгүй, хүдрийн овоолго, хаягдлын далан шаардлагагүй. Уусмалаас ураныг нь ялгаж аваад, үлдсэнийг нь буцаагаад газрын гүн рүү шахна. Ийм үйл явц тасралтгүй үргэлжилнэ. Урантай давхаргын элсэн завсар байгаа усыг уусгах, эргэлдүүлэх процесст ашиглах юм. Тэр усыг өөр зүйлд ашиглахгүй. Иймд тухайн давхаргын усны түвшин буурахгүй.

Газар дээр шороо овоолохгүй учраас хүнд даацын машин, техник холхих, тоос шороо босгох асуудал гарахгүй нь ээ?

Тийм ээ. Газар доор уусган олборлох технологийн давуу тал нь энэ. Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй. Хүнд даацын аварга том машин, тоног төхөөрөмж ашиглахгүй учраас газрын хөрс эвдрэхгүй, тоос босгохгүй. Түүнчлэн бусад уул уурхайн үйлдвэрлэлтэй харьцуулахад эрчим хүч, усыг 5 дахин бага хэрэглэдэг тооцоо байдаг.

Тухайлбал 1 тонны ачааны портер машин шороонд 1 аяга уран байгаа гэж ойлгож болно.

Тэгвэл 70000 тн уран олборлохын тулд ил юм уу далд уурхайн арга ашиглавал их хэмжээний хөрс хуулалт хийж, томоохон уурхайн нүх, их хэмжээний тоос үүсгэнэ. Урантай шороог ил гаргаж ирнэ. Байгаль орчинд ч нөлөө ихтэй. Тийм их шороо ухаж, тиймхэн уран авахаар маш их зардал гаргаад ямар ч ашиггүй үлдэнэ. Тиймээс ил болон далд аргаар олборлох арга нь бага агуулгатай тунамал ордыг ашиглахад тохиромжгүй байдаг.

Харин газар доор уусган олборлох арга бол агуулга багатай, тунамал гаралтай ураны ордыг ашиглах зориулалттай. Дэлхийд үүнийг өргөн хэрэглэж байна. Тухайлбал дэлхийд олборлож байгаа нийт ураны 60 хувийг энэ аргаар олборлож байна.

Ил болон далд уурхайн ашиглалтын үед бид уурхайн ашиглалтыг нүдээр харж болдог бол ГДУО технологийн ашиглалтын явцыг нүдээр харах боломжгүй байдаг. Бид орчин үеийн дэвшилтэт технологи Hуtech программ ашиглан газрын гүнд байгаа элс, чулууг төдийгүй ордыг бүхэлд нь зурж, дижиталаар үүсгэж харах боломжтой юм. Олборлолтоо ч энэ программаар хянана. Hуtech программ “Орано Майнинг” компанийн хөгжүүлсэн симулятор л доо. ГДУО уурхайд ажиллаж байгаа операторын тоон ихэр л гэсэн үг. Бидний нүднээс далд явагдаж байгаа уусгалт, олборлолтын процесс хэрхэн явагдаж байгааг бодит цаг хугацаанд харуулдаг симулятор юм. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт, уст давхаргын нөхөн сэргээлтийн явцаа хянахад ч ашиглана. Казахстан улсад энэ программыг ашиглан, үйл ажиллагаагаа сайжруулаад явж байгаа.

Зөөвч-Овоо ордын уран яаж үүссэн юм бол?

Бага агуулгатай ураны тунамал гаралтай орд гэдэг бол гарал үүслийн хувьд алтны шороон ордтой төстэй. Олон сая жилийн туршид усаар зөөгдөж ирсээр бага багаар тунаж хуримтлагдсан ураны орд. Ер нь уран хаа сайгүй өчүүхэн бага хэмжээгээр маш түгээмэл тархсан байдаг. Та бидний мэддэг цонхны тавцан, шат хийдэг боржин чулуунд уран ихээр агуулагддаг. Боржин чулуутай газар бороо ороход уран нь борооны усанд тодорхой хэмжээгээр уусан, ус нэвчүүлэх шинж чанартай хурдас чулуулаг, элсэнд нэвчин урсаж, зөөгдсөөр нүүрс, лигнит (ургамал амьтны нүүрсэжсэн үлдэгдэл буюу органик материал), перит гэх мэт ангижруулагч хүчин зүйлтэй, хүчилтөрөгчгүй газарт очоод тунадаг. Тэнд тэр ангижруулагч хүчин зүйлс нь ураныг барьж үлдэнэ, ус нь цаашаа урсана. Олон сая жил ийм үйл явц үргэлжилсээр, тэнд уран хуримтлагдсан гэсэн үг.

Үүнийг бид авч ашиглахын тулд уран анх яаж үүссэн, тэр нөхцөлийг нь ашиглаж байгаа юм. Уран хүчилтөрөгчтэй, хүчиллэг усанд уусамтгай. Хүчиллэг орчныг бий болгоод өгөхөөр уран буцаад тэр хүчиллэг усанд уусна. Тэгмэгц бид ураныг нь ялгаж авна. Яаж үүссэн, тэр аргаар нь ялгаж авч байгаа гэсэн үг.

2021-2022 онд бид газар доор уусган олборлох технологиор уран олборлож, боловсруулан шар нунтаг гаргаж авах үйлдвэрлэлийн туршилтыг Зөөвч-Овоо ордын талбайд хийсэн. Зөөвч-Овоо ордын ураны хүдэр нь 150-200 метрийн гүнд элсэн давхаргад хуримтлагдсан байдаг. Түүний дээр дахиад өөр шаврын үл нэвчүүлэгч давхаргаар тусгаарлагдсан элсэн давхаргууд бий. Эдгээр элсэн давхаргууд ус агуулдаг боловч уран агуулдаггүй. Эдгээр давхаргууд хоорондоо холбоогүй өөрөөр хэлбэл ус нь хоорондоо холилдох боломжгүй. Уст давхарга хоорондоо холбоогүй гэдгийг гидрогеологийн туршилт, судалгаа, хэмжилтээр тогтоосон.

Малчдын худаг дунджаар 15-20 метрийн гүнтэй. Газрын давхаргад хамгийн ойр байгаа усыг малчид хэрэглэдэг.

Дулаан-Уул ордод үйлдвэр, кэмп байгуулах уу?

Зөөвч-Овоо бол хамгийн их нөөцтэй, гол орд. Энд үндсэн үйлдвэрээ байгуулна. Үүний хажууд 500 хүний багтаамжтай кэмп бий болно. Ашиглалтын сүүлийн 10-аад жилд Дулаан-Уул ордын ураныг Зөөвч-Овоо ордтой хамт олборлоно. Тиймээс Дулаан[1]Уул ордод туслах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Дулаан-Уул орд дээр газар доор уусган олборлох технологийг ашиглаж олборлоод давирхайд шингээх процесс явагдах юм. Эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах бусад үйл ажиллагаа нь Зөөвч-Овоогийн боловсруулах үйлдвэрт хийгдэнэ.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.181.75)
    Улс орны маань хөгжил болон бэл бэнчинд маш хэрэгтэй төсөл дөө.
    2024 оны 01 сарын 28 | Хариулах
    • Эсэргүүцэх гадны гар хөлүүд гарч ирнэ дээ, эх оронч дүр шаагаад, 2 толгойтой тугалны зураг шэйрлээл ороод ирнэ
      2024 оны 01 сарын 28