Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрс шингэрүүлэх технологийн дараагийн шат хийжүүлэх технологи нэвтрүүллээ

Ц.Элбэгсайхан

Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болж буйгаараа нүүрс олон нийтийн дунд хортой, аюултай гэх явцуу ойлголт бий болсон. Сайнаар бодоход ган хайлуулах өндөр хэм гаргахад нүүрсийг ашиглаж, экспортод гардаг гэдгийг хүмүүс мэднэ. Харин эрүүл мэнд, автомашины шатахуун, хийн түлш, барилгын материал үйлдвэрлэхэд нүүрс өргөн хэрэглэгддэгийг монголчууд барагтай мэдэхгүй. 
Гэвч эцсийн эцэстээ нүүрсийг шинжлэх ухаанчаар хэрэглэхгүй бол өнөөдрийн дулаан суух  хүсэл хангагдахгүй болохыг  Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга  Б.Нямтайшир онцоллоо.

“Монголын алт МАК” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагч Б.Нямтайшир нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр сүүлийн 20 гаруй жил идэвхтэй ажиллаж, томоохон хөрөнгө оруулалт хийж яваа нэгэн. Монголд олборлож буй нүүрсийг цэвэр нүүрсний технологиор гүн боловсруулж, дулаан, цахилгааны эрчим хүчний дутагдлыг бүрмөсөн шийдээд зогсохгүй, өндөр үнээр экспортлох боломж байгаа нь тус компанийн хамгийн сүүлийн судалгааны үр дүнд тодорхой болжээ. Тодорхой хэлбэл, Дорнод аймгийн төвийн ойролцоох Адуунчулууны уурхайн нүүрс хийжүүлэхэд тохиромжтой, устөрөгчийн гарц өндөр болох нь тогтоогдсон байна. “Монголын Алт” МАК ХХК өнгөрсөн жилийн намраас хойш Японы эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран, Монголд хэд хэдэн нүүрсний орд дээр хийжүүлэлтийн идэвх тодорхойлох судалгаа явуулахад Адуунчулууны нүүрс онцгой сайн үзүүлэлттэй гарчээ. Иймд судалгаагаа үргэлжлүүлж, Япон улсын “Unico International Corporation”-тай хамтран, туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах хэлэлцээрт хүрээд байгаа юм. Туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ ирэх оны 3 дугаар сард бэлэн болох аж. 

Урьдчилсан төлөвлөгөөгөөр туршилтын үйлдвэрийг хоёр үе шаттай  байгуулна. Эхний үе шатанд нүүрснээс диметилийн эфир гэх бодис гаргаж авна. Энэ нь дулааны найдвартай эх үүсвэр болох боломжтой аж. Диметилийн эфирийг оргил ачааллын үеэр хийн түлшээр ажиллахаар төлөвлөгдсөн дэд төвүүдэд нийлүүлэх юм. Мөн Улаанбаатар хотын дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй халаалтын зуухуудыг хийн халаагуурт шилжүүлж, диметилийн эфирээр хангана. Товчоор хэлбэл, өнөөдөр агаарын бохирдол бий болгогч гэж ад үзэгдсэн нүүрс “маргааш” агаар цэвэршүүлэх гол шийдэл болохоор байна. Түүнээс гадна диметилийн эфир үйлдвэрлэх явцад бий болох нүүрстөрөгчийн давхар ислийг газрын тос болон байгалийн хий олборлох цооног руу шахаж оруулах замаар олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой гэнэ. 

Хоёрдугаар шатанд устөрөгч үйлдвэрлэж, Япон болон Зүүн Азийн орнуудад экспортлохоор төлөвлөжээ. Адуунчулууны нүүрсний орд нь зүүн хилд ойр байрладгаараа ихээхэн давуу талтай. Ердөө 1500 гаруй км тээвэрлээд, БНХАУ-ын Жинжоу далайн боомтод хүрэх боломжтой. Үүнээс цааш хямд зардлаар буюу усан замаар 2480 км-ийг туулан, Японы зах зээлд нэвтэрнэ. Устөрөгч гарган авснаар дотооддоо дизель, бензин, тос, тосолгооны материал үйлдвэрлэж болох химийн үйлдвэрлэлийн суурь тавигдах боломжтой. Бүр алсын ирээдүй гэвэл, Япон улсын, автомашины үйлдвэрлэлээр Дэлхийд тэргүүлэгч “Тоёота” корпорац хэдэн жилийн өмнө устөрөгч хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэж эхэлснээ мэдэгдсэн. Тэдний үзэж буйгаар маш бага зардлаар хол зам туулах боломж олгож буй энэ нээлт нь ирээдүйн тээврийн салбарын гол чиг хандлагыг тодорхойлох аж. 

Үүний дараагаар буюу 2017 онд Япон улс “Устөрөгчийн стратеги” гэгчийг боловсруулж, баталсан юм. Өдгөө Дэлхийн 36 улс “Устөрөгчийн стратеги” боловсруулан, хууль тогтоох байгууллагаараа батлуулаад байна. Японы Ашигт малтмал, эрчим хүчний агентлагийн (ANRE) мэдээллээр 2030 он гэхэд тус улсын тээвэр, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбар жилд 3 сая тонн устөрөгч хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ.

Нэг зүйлийг ялгаж тайлбарлахад, нүүрсийг шингэрүүлж, шатахуун үйлдвэрлэх тухай асуудал 10 гаруй жилийн тэртээ яригдаж байсан сэдэв. Энэ чиглэлд илүү идэвхтэй судалгаа хийж ирсэн “Монголын Алт” МАК ХХК нүүрс шингэрүүлэх технологийн дараагийн шат болох хийжүүлэх технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэ ажээ. 

Сэтгэгдэл (1)

  • Timothy Flynn (102.90.43.44)
    Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно; Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com WhatsApp; +1(973) 506-8186 Telegram; @Wersernlapoloan
    2023 оны 12 сарын 09 | Хариулах