Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Эрдэнэтийн-Овоо 60" Үйлдвэрлэл-Эрдэм шинжилгээний хурал Эрдэнэтэд үргэлжилж байна

“Эрдэнэтийн-Овоо 60” үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ын Эрдэм шинжилгээний инновацийн төвийн "Оюу" танхимд эхэлж   хоёр дахь өдрөө Эрдэнэт хотод хээрийн судалгаагаар үргэлжилж байна.

Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлсний 60 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулан тус эрдэм шинжилгээний бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн, ШУТИС, Үндэсний геологийн алба, Уул уурхайн судалгааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

1963 онд нээн илрүүлсэн Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш өнгөрсөн 45 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулан Монгол Улсад Геологийн шинжлэх ухаан, Геологийн салбарын үнэ цэнтэй чухал судлагдахуун болсоор байгааг эрдэм шинжилгээний бага хурлын үеэр оролцогчид онцоллоо.

Түүнчлэн Эрдэнэтийн ил уурхай жилээс жилд гүнзгийрэхийн хэрээр олборлож байгаа хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Эрдэнэт үйлдвэр геологийн нөөцөө өсгөх, хайгуул судалгааны ажилд жил бүр 15-20 тэрбум төгрөг зарцуулж буйг энэ үеэр мэргэжилтнүүд дурдлаа.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэс, молибдены ордын стратегийн хил хязгаарын хүрээнд Геологийн судалгааг мэргэжлийн байгууллага судлаачтай хамтран явуулж, Оюутын хэсэгт нарийвчилсан хайгуулыг эхлүүлээд байна. Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, ордын судлагдсан байдлын өнөөгийн түвшинд дүгнэлт хийж, цаашдын чиглэлээ тодорхойлох нь эрдэм шинжилгээний хурлын зорилго юм.

“Эрдэнэтийн-Овоо 60” Эрдэм шинжилгээний бага хурал геологич, маркшейдер, судлаач инженерүүдийн Эрдэнэтийн-Овоо тойрсон ордын геологийн судалгаа, гарал үүсэл, ашиглалт, хайгуул зэрэг сэдвээр танхимд илтгэл сонсож, хэлэлцүүлэн 11-р сарын 2, 3-ны өдөр Орхон аймагт “Эрдэнэтийн-Овоо”-ны бүлэг ордтой танилцах хээрийн судалгаагаар үргэлжилж байна.