Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Дэйрдра Лингенфэлдер: Хүн төрөлхтөн илүү цэвэр эрчим хүч рүү тэмүүлсээр байна

-“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер шинэ стратегиа танилцууллаа-

Уул уурхайн 7 хоног дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сэдэв өнгөт болон үнэт металл. Монгол Улсад хэрэгжих зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн цаашдын чиг хандлага сэдвээр Х.Бадамсүрэн /АҮ-ийн үндэсний хорооны Зэсийн асуудал хариуцсан дэд хорооны дарга/ илтгэл тавилаа. Дараа нь Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе Оюу толгойн шинэчилсэн стратеги сэдвээр Дэйрдра Лингенфэлдер /Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал/ илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ “Эн тэргүүнд уул уурхайн салбараар овоглох бидэнд нэгэн дээвэр дор цуглах боломж олгож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол Уул уурхайн үндэсний ассоциаци, энэхүү чухал ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бодлого боловсруулагчид, гадаад , дотоодын мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, аж ахуйн нэгжүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг илэн далангүй, нээлттэй санал солилцох боломжийг “Уул уурхайн долоо хоног” олгож дээрх зорилтод хүрэх орон зайг бүрдүүлж буй.

Дэлхий ертөнцөд асар том өөрчлөлт өрнөж байна. Шинэ технологи төрөн гарч хэдхэн жилийн өмнө боломжгүй хэмээн бодож байсан үл мэдэх орон зайд нэвтрэх, улмаар олон зүйлийн түгжээ тайлагдсаар байна. Нөгөөтэйгүүр, ур чадварын буюу чадварлаг мэргэжилтний хомстол, геополитикийн хурцадмал байдал хийгээд цаг уурын өөрчлөлт гэх зэрэг сорилтууд ажлын арга барилаа эргэн харах, түүнийгээ сайжруулах зайлшгүй шаардлагыг үүсгэв” хэмээн хэллээ.

Цаашид “Хүн төрөлхтөн илүү цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр  2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж жилд 50 орчим сая тоннд хүрэх төлөвтэй байна. Зэсийн эрэлт нийлүүлэлтээс ойрын ирээдүйд давах талаар тооцоо судалгаанд ч өгүүлэх боллоо” гэдгийг онцолсон юм.

Уул уурхайн 7 хоног Уул уурхай ба тогтвортой хөгжил сэдвээр Шангрли Ла зочид буудлын Бага танхимд үргэлжилж байна. Энэ хүрээнд тогтвортой уул уурхай, хөгжлийн бодлогын талаар хэлэлцэх бөгөөд далд уурхай, гүний уурхайн олборлолт зэрэг сэдвээр илтгэл тавих юм байна.