Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Монгол Улсад гадаадын томоохон банкнуудыг татах асуудал байна

Б.Ариун

Монголын санхүүгийн зах зээлийн системийн таван том банкны IPO амжилттай болж олон нийтэд хувьцаагаа арилжаалснаас сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн орчноо сайжруулах зорилготой  энэхүү арилжаа хугацаандаа өндөрлөсөн.  Банкны шинэчлэлийн үйл явцын дараагийн  алхам бол  “Нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд банкны хувьцааны 20-оос дээш хувийг эзэмшихийг хориглосон” тухай заалт. Энэ талаар Монголбанкны Эрсдлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүү дараах тайлбарыг өглөө.

-Нөлөө бүхий системийн таван банк хувьцаа гаргасан нь банкны салбарын шинэчлэл. Тэгвэл дараагийн бүх банканд хамааралтай нэг зүйл заалт нь аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа нь тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт. Энэ хуулийг хэрэгжүүлэх хугацаа нь энэ оны эцэст дуусах юм.

Өөрөөр хэлбэл, 2024 оноос банкны нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл дээд тал нь 20 хүртэл хувь болох ёстой. Банкны нөлөө бүхий хувь эзэмшигч хамгийн ихдээ 20 хувийн хувьцаатай үлдэнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкуудаас Хас банк энэхүү хуулийн шаардлагыг биелүүлж байна.  Банкны нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа  хувийн хамгийн дээд хэмжээ нь 20 хувь байгаа юм.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтууд ихэвчлэн уул уурхайн салбарт хийгддэг. Харин дараагийн гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбар нь банк санхүү. Хуульд тусгаснаар гадаадын хөрөнгө оруулагч дээд тал нь 20  хувийг эзэмших боломжтой юм. Ингэж нэг банканд том хувь эзэмшсэн бол өөр банканд давхар хувь эзэмших дээд хязгаар нь 4,9 байдаг гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Одоогийн хуулийг батлуулахдаа гадаадын хөрөнгө оруулагчийн хувьцаа эзэмших хувийг  30 гэж  тооцоолж байсан ч хууль батлагдахдаа 20 хувиар гарсан. Энэхүү 20 хувь нь амьдрал дээр хэрэгжихэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаа учир бодитоор нөлөө бүхий хувь эзэмшлийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн үг. Мөн Монгол Улсад гадаадын томоохон банкнуудыг татах асуудал байна. Монгол Улсад дэлхийн зургаан банкны төлөөлөгчийн газар байсан ч бүх банкууд гарч явсан.  Одоогийн байгаа хувь эзэмшил нь нөлөө бүхий гэж заасан хэдий ч үйл ажиллагаанд нь бодитоор оролцож, нийгэмд үр дүнтэй санхүүжилт олгох боломжгүй байгаа учир бодит үр дүн болох хуулийн заалтыг эргэж харах зайлшгүй шаардлага бий.