Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.7 дахин, газрын тос олборлолт 27 дахин өсжээ

А.Халиун

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.

ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов, Монгол Улс энэ оны эхний хагаст 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум ам.доллар болсноос экспорт 7.6 тэрбум доллар, импорт 4.3 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар, импорт 325.6 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалданы тэнцэл 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. Экспорт 2.3 тэрбум доллараар өсөхөд:

-Нүүрс- 2.1 тэрбум ам.доллараар
-Газрын тос- 162.9 сая ам.доллараар
-Лаазалсан махан бүтээгдэхүүн- 82.1 сая ам.доллараар
-Адууны мах 52.2 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт 325.6 сая ам.доллараар өсөхөд:  
-Дизелийн түлш- 128.2 сая ам.доллар
-Ачааны авто машин- 68.4 сая ам.доллар
-Суудлын авто машин- 51.2 сая ам.доллараар өссөн нь тус тус нөлөөлсөн.  

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөг буюу 54 хувиар өссөн. Үүнд:

-Уул уурхайн үйлдвэрлэлийн олборлолт- 3.7 их наяд төгрөг
-Боловсруулах үйлдвэрлэл 691 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.7 их наяд төгрөг буюу 67.3 хувиар өссөн. Үүнд, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.7 дахин, газрын тос олборлолт 27 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний хагаст 21.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10 их наяд төгрөг буюу 86 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 8.7 их наяд төгрөг, боловсруулах салбарын борлуулалт 1.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, боловсруулах салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөхөд:
-Нүүрс олборлолтын сaлбарын борлуулалт 4.8 дахин
-Металийн хүдэр олборлолт 9.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн гэж мэдээллээ.