Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Энэтхэг, Монгол хоёр орны түүхэн харилцаа орчин үеийн харилцан өндөр түвшний айлчлалаар улам баяжиж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах гээд бүхий л салбарт эрчимтэй үргэлжилж байна.

Хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүд ажил хэрэг болж, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг талууд санал нэгтэй илэрхийлэв. Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад парламентуудаас хүчин чармайлт гарган, бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан нотлов. Тодруулбал, төслийн нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд 3 дэд гэрээ байгуулах, ашиглагдаагүй байгаа зээлийн эргэн төлөлтийн хугацааг 5 жилээр сунгах асуудлыг шийдэхээр болов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай экспортыг дэмжих хүрээнд Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд Монголын тал онцгой анхаарч байгааг дурдав.  

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж ирсэн уламжлалаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа УИХ-ын дарга хэлээд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилсан Олон улсын нарны холбооны гишүүн улс болох хүрээнд “Олон улсын нарны холбоог байгуулах тухай суурь хэлэлцээр”-ийг соёрхон батлахтай холбогдуулан дотоодын процедурыг эхлүүлснийг сонордуулав.  

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй саналууд нь харилцан ашигтай, нөөц боломжтой салбарууд байна гээд худалдаа, эдийн засаг, боловсрол, эрчим хүч, батлан хамгаалах салбарын харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарын 2021 онд тус улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан хоёр улсын тээврийн салбарын асуудлыг нааштайгаар шийдэж байгааг дуулгав.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.