Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Сүхбаатар аймаг дахь уул уурхайн компаниуд орон  нутагтай хамтарна

А.НАРАНТУНГАЛАГ /Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан ажилтан/

Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганыг Баруун-Урт хотод тавдугаар сарын 21-нд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын Засаг дарга, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид оролцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Орон нутаг болоод улс орны эдийн засаг   үлэмж тэлсэн байна.   Өмнөх жилүүдэд холын хүсэл мөрөөдөл хэмээн яригдаж байсан төмөр зам, хүнд даацын авто замын ажлууд  бодит ажил хэрэг болж гүйцэтгэгчээр нь шалгарсан   компаниуд     ажлаа танилцуулж  байна.”  гэв.

“Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, түүний   “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангаж буй  Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы хүрээнд Сүхбаатар  аймгийн уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон салбар зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Энэ үеэр Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор  “Орон нутгийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд 10 гаруй компанитай Хамтран ажиллах гэрээ  байгуулав. Гэрээнд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх” зэрэг нийтлэг заалтууд багтдаг.  

Гэрээг үзэглэх үеэр  Сүхбаатар аймгийн төвөөс баруун хойш 30 гаруй км-т үйл ажиллагаа явуулдаг “Эм Эл Цахиурт овоо”  ХХК-ийн Монгол талын захирал С.Шархүү “Уурхайн ажил жигдэрснээр 300-500 иргэнийг ажлын байраар хангах боломжтой” гэдгийг онцоллоо.

“Сингапурын хөрөнгө оруулалттай “Эм  Эл Цахиурт овоо” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдрийн Цахиуртын овоо уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Эл уурхай нь 90 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй.  Уурхайгаа түшиглэн жилд 300 мянган тонн хорголжин төмөр бөмбөлөг  үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд  ирэх жил  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ковидын улмаас хоёр жил зогсонги байдалд байсан тус компани энэ дугаар сарын 1-нээс тээвэрлэлтээ эхлүүлжээ. Сүхбаатар аймгийн “Жинчин” ХХК-ийн 80 машин тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.  Цаашид уул уурхай болон Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгч зам тавих асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцэж байна” хэмээн тэрбээр тодотгов. 

“ЦАЙРТ МИНЕРАЛЬ” КОМПАНИ ДАЛД УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ХИЙЖ ЭХЛЭВ 

“Цайрт минераль”  компанийн Ерөнхий захирал  С.БАТХҮҮ:

“Цайрт минераль” компани 2005 оноос хойш Сүхбаатар аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийсэн.
Анх   үйлдвэрийг байгуулахад 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж  байсан. Манай компани ил уурхайн олборлолт явуулдаг байсан бол өнгөрсөн жилээс дараагийн шатны буюу далд уурхайн олборлолт руу орсон. Төслийн шатанд 60 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Сүхбаатар аймагтай Хамтран ажиллах гэрээ байгуулж жилд 1,5-2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Татварыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх, үйлдвэрийг ашигтай ажиллуулах  зорилт  тавин өнгөрсөн   онд улсын төсөвт 107 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн.


240 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТЭЙ АВТО ЗАМ БАРИНА

“Эрээн Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Чингүүн:  

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн нутаг дэвсгэрт “Эрээн толгой” ХХК 400 сая тн-ын нөөцтэй нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил 240 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 км автозам барих  төсөл   эхлэхээр болсон. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбаттай гэрээ  үзэглэлээ. Авто зам барьснаар нүүрсний экспорт нэмэгдэж, 10-15 сая тн-д хүрнэ гэж тооцоолж байна.