Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Өмнөд Солонгосын компаниуд Энэтхэгтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна

Ч.Сансар


Өмнөд Солонгос арав гаруй жилийн турш "стратегийн тодорхой бус" гадаад бодлоготой байсан. Учир нь Сөүл Хятадтай эдийн засгийн нягт харилцаатай байсан бол Өмнөд Солонгост АНУ-ын цэргийн баазууд байрладаг учир тус улс Вашингтон, Бээжин хоёрын аль нэг талд  давуу байдал үүсгэхгүй байхыг хичээж ирсэн.

Хоёр их гүрний хоорондын зөрчилдөөн үргэлжилсээр байгаагийн улмаас экспортод чиглэсэн Өмнөд Солонгос худалдаа, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэхэд хүргэж байна. Энэ оны эхний улиралд Өмнөд Солонгосын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 7.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 1992 онд хоёр улс дипломат харилцаагаа хэвийн болгосноос хойших анхны том алдагдал юм. Энэ нь Солонгосын бизнес эрхлэгчид Хятадаас бусад улс руу анхаарлаа хандуулах шалтгаан болж байна.

Энэ цаг үед  Энэтхэг улс дэлхийн томоохон компаниудын сонирхол татаж эхэлсэн. Энэтхэгийн хүн ам мэдэгдэхүйц нэмэгдэж,  2023 оны дунд үе гэхэд Хятадыг давж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох төлөвтэй байна.

Энэтхэгт бизнес эрхлэх  гол хүчин зүйл бол хүн амын тоо төдийгүй тэр дундаа хөдөлмөрийн насны залуучуудын эзлэх тоо өндөр байдагтай холбоотой юм. Энэтхэгийн нийт хүн амын дөнгөж 7%-ийг 65 ба түүнээс дээш насны иргэд эзэлдэг. Энэ үзүүлэлт Хятадад 14%, АНУ-д 18% байна. Олон улсын Валютын сан Энэтхэгийн бодит ДНБ-ий өсөлт энэ онд 5.9%-д хүрч, Хятадынхаас 0.7 пунктээр өндөр байх болно гэж таамаглаж байна.

Өөр нэг хүчин зүйл бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн дэвшүүлсэн "Энэтхэгт үйлдвэрлэе" санаачилга нь улс орноо дэлхийн үйлдвэрлэлийн төв болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хууль тогтоомжуудыг хялбаршуулж, татвараас чөлөөлөх зэрэг урамшуулал олгох замаар дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд багтахыг зорьж байгаа юм. 2014 онд эхэлсэн энэхүү санаачилгын үр дүнд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 83 тэрбум ам долларт хүрсэн.

Энэхүү урамшуулал болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр Солонгосын болон дэлхийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлж байна. Самсунг компани Уттар Прадеш мужийн Нойда хотод дэлхийн хамгийн том гар утасны үйлдвэрийг барьж байгаа бөгөөд Galaxy S23 ухаалаг гар утсаа Вьетнам дахь үйлдвэрээсээ импортлохоо зогсоож, Энэтхэгт бүхэлд нь үйлдвэрлэнэ гэдгээ  хоёрдугаар сард зарласан.

Солонгосын ган үйлдвэрлэгч POSCO өнгөрсөн онд Энэтхэгийн түнш “Адани” групптэй хамтран гангийн үйлдвэр барихаа зарласан. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь таван тэрбум ам.доллар байх юм.
Солонгосын “Хьюндай Моторс” 2028 он гэхэд тус улсад цахилгаан автомашины  зургаан загвар гаргах гэсэн амлалтынхаа хүрээнд Женерал Моторсын Махараштра дахь үйлдвэрийг худалдан авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээ мэдэгдлээ.
Энэтхэгт дэд бүтэц сул, хууль эрх зүйн орчин тогтворгүй, хүнд суртал газар авсан гээд хөрөнгө оруулагчдад тулгардаг олон саад бэрхшээл байна. Дэлхийн банкны өнгөрсөн жилийн тайланд ойрын 15 жилд Энэтхэгийн хотуудын дэд бүтцийг шинэчлэхэд 840 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ.

Олон сорилтууд тулгарч байгаа ч  геополитикийн хурцадмал байдал, АНУ-Хятадын худалдааны өрсөлдөөн зэрэг энэхүү амаргүй үед дэлхийн олон бизнес эрхлэгчид  нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, Хятадын хамаарлыг багасгахыг хүсэж байна.

Солонгосын компаниуд ч мөн ялгаагүй. Тэдний олонх нь Энэтхэгийг бизнес худалдаа  хийх хамгийн боломжит хувилбар гэж үзэж байна. Хятад улс 2017 онд Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг нутаг дэвсгэртээ байрлуулсных нь төлөө эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Хятадаас хэт хараат байх ямар эрсдэлтэй байгааг сануулж байна.  Тиймээс  Энэтхэгийн  дээрх боломжуудыг ашиглахад бэлэн байна. 

Модигийн хэлснээр "Дэлхий нийт Энэтхэгийн цаг ирсэн гэж ярьж байна. Өмнөд Солонгос Хятадаас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа тул Энэтхэгт хийх хөрөнгө оруулалт нэмэгдэх, ардчилсан тогтолцоо, зах зээлээ хамтран бэхжүүлэх, стратегийн тусгай түншлэл байгуулахыг бид удахгүй харах болно.” гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post