Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Далд уурхайн  далд нөлөө

The Mongolian Mining Journal /March.2023/

Гүний уурхай нээснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт “хаагдаж” байгаа нь томоос том асуултын тэмдэг, асуудал. 

Ц.Элбэгсайхан

Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийж Галбын говийн алтан шаргал гадаргаас доош километр гаруй гүнээс зэс, алтны агууламж бүхий хүдрийн биетийн анхны  дээжийг олборлолоо. Энэ нь яах аргагүй “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид болох Монгол Улс болон “Рио Тинто” компани, түүний хувь эзэмшигчдэд баяртай мэдээ байлаа.

Хөрөнгө оруулагчдын хувиар Риогийн хувьцаа эзэмшигчид болон Монголын ард түмэн “Оюутолгой” төслөөс ихийг хүлээж байгаа билээ. Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш л олзны охь  ундарга   ёроолдоо байгаа тухай ярьж хүлээсээр ирсэн. Нийт нөөцийн 80 гаруй хувь нь далд уурхайд байгаа гэхээр “жинхэнэ” Оюутолгойдоо одоо л гар хүрч байна гэж хөрвүүлж ойлгож болно. Риогийн хөрөнгө оруулагчдын хувьд шууд л ашгаас   ногдох хувиа хүртчихнэ. Эсвэл хувьцааны ханшийн өсөлтөөсөө өгөөж хүлээж болох юм. Харин Монголын ард түмэн Оюутолгойгоос үр шим хэрхэн хүртэх тухай яриа нь бодол төвлөрүүлсэн нэлээд маргаантай сэдэв болж хувирдаг. 

Энэ асуудал дээр хоёр зүйл үргэлж дурдагддаг. Нэгдүгээрт, төрд төлж буй татвар, хоёрдугаарт, дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч буй худалдан авалтын дүн. Тэгвэл далд уурхай нээгдсэнээр дээрх тоонд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэдэг Монголын ард түмний хүртэх өгөөжийн чанарт нөлөөлөх чухал “хувьсагч” болж байна. 

Одоогоор бидэнд төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ үлэмж ихээр нэмэгдэнэ гэсэн мэдээллүүд ил болоод байна. Ямартаа ч, “Оюутолгой” компани жилд таван тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцоолсон байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн байгаа ханшаар тооцоход төсөвт төвлөрүүлэх хөрөнгө бол 2-3 дахин нэмэгдэх бүрэн боломжтой” гэсэн   тойм төдий хүлээлттэй байгаагаа хуваалцсан байна лээ. Харин дотоодын худалдан авалт хэрхэх талаар хэн ч дурссангүй. 

Угтаа эдгээр тоог авч хэлэлцэхээс урьтаад ач холбогдол өгвөл зохих нэг чухал, маш том сэдэв бий.  Гүний уурхай ашиглалтад орсноор том уурхай нээгдэж, том баялаг бүтээх гэхээсээ илүүтэй чухал өөрчлөлт нь манай улсын эдийн засгийн бүтцэд том өөрчлөлт гарч байгаа нь энэ цаг мөчид барагтай хөндөгдөхгүй байгаа сэдэв. Гүний уурхай нээснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт “хаагдаж” байгаа нь томоос том асуултын тэмдэг, асуудал. 

Илүү тодорхой болгохыг хичээе. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд Монгол Улсад жилд дунджаар 2.7 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 90 гаруй хувь нь Оюутолгойд орж, гүний уурхайн бүтээн байгуулалтад шингэсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалт дууссан учир Монголд орж ирдэг хоёр тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын “цорго” хаагдана. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт гаднаас татаж чадах дараагийн мега төсөл хаана байгаа эсэх, хэзээ эхлэх талаар өнөөдөр бидэнд төсөөлөл битгий хэл мөрөөдөл ч алга. 

Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн Монголд төлсөн татвараасаа илүү татсан хөрөнгө оруулалт нь өгөөжтэй байсан гэдэгтэй олонх нь санал нийлэх биз. Учир нь тэр мөнгө Монголын бизнесүүдийн орлого, монгол ажилчдын цалин болж хүмүүсийн амьдралд нөлөөлдөг, эдийн засагт бодитой өсөлт авчрах “хүч” байсан юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татрахад төлбөрийн тэнцэл дээр ямар дарамт ирж, эдийн засагт ямар үр дагавар авчирдаг хийгээд бизнесүүд, өрхүүд яаж барьц алддагийг  бүгд   мэднэ.

Гүний уурхай нээгдсэнээр эдийн засгийн өсөлт бий болно гэдэгтэй маргахгүй. Гагцхүү хүртээмжтэй өсөлт байж чадах уу гэдэгтэй маргах, магадлах үндэслэл бий. Уурхайн гарц, борлуулалт нэмэгдэхийн хэрээр орлого, ашиг өсөж төлж буй татвар, хураамж нь төсвийн орлогын маш том эх үүсвэр болох нь дамжиггүй. Үүнийг арай өөрөөр “уншвал” Монгол Улсын төсөв уул уурхайн салбараас, тэр дундаа зэсээс хамаарах нь улам нэмэгдэж байна гэсэн үг. Эдийн засгийн хэт хамаарлыг бууруулах, тэнцвэрт байдлыг хангах нь гүний уурхайг нээж “тууз хайчилсан” эрхмүүдийн даалгавар байлаа.  

Өмнө дурдсанчлан хамгийн их өсөхөөр тооцож байгаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг нэг үгээр хэлбэл байгалийн баялгийг нь ашигласны нь хариуд эздэд нь өгч буй хувь өгөөж. Ногдол ашгаас түрүүнд монголчуудын хүртэж байгаа үр шим нь мөнгө санхүү талаасаа энэхүү АМНАТ гэдэг тоо мөн. Гэтэл үүнийг захиран зарцуулах эрх мэдэл нь Сангийн сайдад буй. Ингэхэд бид хэр сайн сангийн “менежер”-тэй улс билээ дээ. 

Жилийн 700 тэрбум төгрөг гэдэг нь  бидний жишээ татаж заншсанаар бол жилд 700 цэцэрлэг барьчих хөрөнгө л дөө… Популистуудын гарт өгвөл бүх өрхийн цахилгаан эрчим хүчийг үнэгүй болгож хүрэх мөнгө… Инженерүүдийн оюуны хөдөлмөрт хөрөнгө оруулбал эх орноо эрчим хүчний хомсдолоос салгаж чадах баялаг. 

Дашрамд дурдахад, “Рио Тинто”-той Оюутолгойн асуудлаар өнөөдөр Монгол Улс гэдэг нэг л ашиг сонирхол нүүр тулах болсон. Хагас жил хүрэхгүйн өмнө, “Туркойз Хилл Ресурс”-ын хөрөнгө оруулагчидтай бас хэл амаа ололцохоо больсон тул Рио тус компанийг бүхэлд нь худалдаж авсан билээ. Үүнтэй хамт Оюутолгойн олон нийтийн дундахь ил тод байдал ч бас бүдгэрээд байна.