Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлага үүссэн

А.Халиун
УИХ-аар Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцэж эхэллээ.

Манай улс 1946 онд ЗХУ-тай анхны гэрээг хийж, 1949 онд Монгол Улс анхны төмөр замтай болсноор Улаанбаатар төмөр зам компани байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2010 оныг хүртэл төмөр замын тээврийн ганц компанитай байсан бол одоо суурь бүтэц эзэмшигч дөрвөн компани, 12 мянган төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнтэй болон өргөжин тэлсэн байна.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн өнөө үед төмөр замын салбар өндөр хөгжих боломж нээгдсэн. Тийм учраас 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуулийг өөрчилж шинэчилсэн найруулга хийх шаардлага бий болов. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.

Төмөр замын аж ахуйн нэгжүүдийг суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн буюу тээвэрлэгч гэсэн хоёр байдлаар салгаж хуулийн төсөлд тусгажээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. Тиймээс төмөр замын суурь бүтэц эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулах, зах зээлийн зарчимд суурилсан тэгш харилцаа, шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг томоохон зохицуулалт орсон. Мөн төмөр замтай холбоотой бүхий л үйлчилгээнд хамаарах тарифын зөвлөлийг байгуулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тус зөвлөл зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэгтэй.

Манай улсын хэмжээнд төмөр замын нийт 12291 хөдлөх бүрэлдэхүүн байгаагаас:  
-Хувийн хэвшилд 5884 вагон, 31 зүтгүүр, Улаанбаатар төмөр замд 3201 вагон, 193 зүтгүүр,
-Төрийн өмчийн компанид 466 вагон, 29 зүтгүүр, бусад зориулалттай /цистерн, битүү, дозатор, ледник, думпкар, хоппер, тоноглосон/ 2230 вагон бүртгэлтэй.
Нийтдээ 11781 вагон, 184 зүтгүүр, 69 төмөр замын машин механизм бүртгэлтэй байдаг аж.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Зах зээл ийн тэлж байгаатай холбоотойгоор 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуулийн шинэчлэн найруулах шаардлага үүссэн” хэмээгээд төсөлд тусгасан гол гол шинэчлэлүүд танилцуулав. Үүнд:


-Суурь бүтэц буюу төмөр зам эзэмшигч нь төрийн болон хувийн хэвшлийн, хамтарсан компани байж болно. Тиймээс төр, хувийн хэвшлийн эзэмшлийн төмөр замаар тээвэр хийхэд нэгнээ хааж боох болон өндөр тариф тогтоохыг хязгаарлах зэргээр өрсөлдөөний тэгш зарчмаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан. Энэ асуудлыг зохицуулах орон тооны бус таван хүний бүрэлдэхүүнтэй Тарифын зөвлөл байгуулна. ААН-үүд өөрийн үйлчилгээний тарифыг тогтооно. Тарифын зөвлөл нь зах зээлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Тухайн салбар хариуцсан сайд нь тарифыг боловсруулах аргачлалыг баталж өгнө.

-Төсөлд нийтийн, тусгай зориулалттай төмөр зам, салбар төмөр замууд гэсэн зохицуулалт орж байгаа. Жишээ нь, салбар төмөр зам барьсан компани тэр зам дээр цаашаа салбарлан төмөр зам барих боломжийг хаах, хэрэв салбарлан барьсан тохиолдолд салбар замаа зарах зохицуулалт, тариф, тээврийн зохицуулалтыг тусгах юм.

-Улаанбаатар төмөр замд авлигын асуудал гарсан. Төмөр замд вагон тавих, мөн ачаалалтай холбоотой дугаар урагшлуулах зэрэгт авлига өгөх, авах асуудал үүсдэг. Энэ мэт асуудлыг шинээр байгуулах агентлаг зохицуулна.

-Монголчууд сүүлийн жилүүдэд 800 гаруй км төмөр замыг өөрийн хүч, хөрөнгөөр барьсан. Үүний 200 гаруй км-ийг Концессийн гэрээгээр барьсан. ААН-үүд концессоор төмөр зам барих боломжийг нээж өгөх бөгөөд концесс эзэмшигч нь өөрөө тээвэрлэлт хийж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжоор хангахаар төсөлд тусгасан гэлээ.