Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, олон талт байдлыг дэмжсэн сайн жишээ

Тийсс групп өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаагаа 290 ажилтантайгаар явуулж байгаа ба тэдний 9 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай компани нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой байдаг. Тийсс групп нь үйл ажиллагаа явуулдаг бүс нутгууддаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах, цаашлаад олон талт байдал, оролцоог дэмжих санаачилга гаргаж, ажилладаг байна.

Тэд 2018 оноос “Олон талт байдал, оролцоог дэмжих хөтөлбөр”-ийг Тийсс группийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах гол үндэслэл нь болжээ. Тийсс нь Австрали, Индонез, Монгол, АНУ болон Чили улсад уул уурхайн 20 гаруй төсөл дээр ажиллаж байгаа уул уурхайн иж бүрэн гэрээт үйлчилгээ үзүүлэгч оператор юм.

Монгол дахь “Тийсс Монгол” компанийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэн хэлэхдээ: “Бид энэ хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж эхэлсэн. Ингэхдээ ажилтан бүр нас, хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэргээс үл хамааран өөрийгөө бүрэн дайчилж чадах, аюулгүй бөгөөд хүндлэгддэг, үнэлэгддэг гэдгээ ямагт мэдэрдэг тийм таатай орчныг бүрдүүлж өгөхийг, мөн эмэгтэй ажилтнуудын оролцоог тэгш хангахыг зорьж, кампанит ажил өрнүүлдэг болсон” хэмээн тодотгов.

Тийссийнхэн “Түгээмэл Хөгжил” төрийн бус байгууллагаар ажлын байрны болон ажлын байрны хүртээмжийн үнэлгээг тус тус хийлгэжээ. Дүгнэлтийн дагуу тэд өөрсдийн байрладаг “Моннис Цамхаг"-ийханд хүсэлт тавин ариун цэврийн өрөөг шинэчлэн тохижуулснаас гадна оффистоо эргономик ширээ суурилуулах гэх мэт өөрчлөлтүүдийг шат дараатайгаар хийжээ.

Цаашлаад оффис болон уул уурхайн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох ажлын байруудыг тодорхойлж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн групп” фэйсбүүк хуудас болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагад ажлын байрны зар байршуулж, тараасан байна. Мөн өөрийн биеэр ирж анкет бөглөх боломжгүй хүмүүст зориулан цахимаар бүртгүүлэх боломжийг бий болгосноос гадна ажлын байрны ярилцлагыг сонсголын бэрхшээлтэй иргэдтэй хийхдээ “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-той хамтран ажиллажээ.

Үүгээр зогсохгүй компанийн бүхий л арга хэмжээ, сургалт, уулзалт болон хуралд тус холбооны дохионы хэлний хэлмэрч нарыг ажиллуулж, сонсголын бэрхшээлтэй ажилтнууддаа мэдээллийг тэгш хүргэдэг гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар ажилтнуудынхаа ойлголт, хандлагыг өөрчлөх зорилтын хүрээнд “Түгээмэл Хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ундрахбаярыг урьж, зөвлөгөө аван сургалт зохион байгуулсан байна. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог, хамт олон болон ажил олгогчоос анхаарах зүйлс, тэгш оролцоог дэмжсэн ажлын орчныг бүрдүүлэх санал, санаачилгуудын талаар ажилтнууддаа мэдээлэл өгчээ. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн ахуй соёлыг ойлгуулах зорилгоор “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасанжавыг урьж, ажилтнууддаа уулзалт яриа хийлгэсэн байна.

Энэ мэтчилэн олон санаа, санаачилгыг ажлын байран дээрээ авч хэрэгжүүлж байгаа нь Тийссийн бусад салбаруудын хувьд ч сайн туршлага болж байгаа юм.

 

Сэтгэгдэл (1)

  • Цэрэндолгор (202.126.90.66)
    Баярлалаа.Би хүүгээ ажилтай болгомоор бна.
    2023 оны 05 сарын 02 | Хариулах