Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 31%-иар өсчээ

Ч.Сансар

Ирэх 20 жилд ногоон эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэхэд 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Харин чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглах нь илүү их зардал гарах буюу 14 их наяд ам.доллар шаардагдана гэж Тесла танилцуулав.

“Дэлхийд тогтвортой эрчим хүчний тогтолцоо байгуулахад анхны хөрөнгө оруулалтаас гадна 20 жилийн хугацаанд жилийн 5%-ийн засвар үйлчилгээний зардал гарах төлөвтэй” гэж Илон Маскийн Тесла компани “Дэлхий дахь тогтвортой эрчим хүчний мастер төлөвлөгөө” тайланд дурджээ.

“Эдгээр тооцоог ашиглан тогтвортой эрчим хүч бүхий эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй, харин 20 жилийн хугацаанд чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглавал 14 их наяд ам.долларын зардал гарна” гэж Тесла мэдэгдэв.

“Дэлхий тогтвортой эрчим хүч бүхий эдийн засаг руу шилжинэ. Энэ үйл явдал та нарын амьдрах үед тохиолдоно” гэж Маск Bloomberg-ийн мэдээлснээр тайланг танилцуулах үеэр хэлсэн.

2022 онд дэлхийд нүүрстөрөгч багатай эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө 1.1 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Эрчим хүчний шилжилтэд зарцуулсан хөрөнгө анх удаа чулуужсан түлшинд оруулсан хөрөнгө оруулалттай тэнцсэн гэж Bloomberg NEF судалгааны фирм өнгөрсөн сарын тайландаа дурджээ.

Цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нэг жилд хамгийн их буюу 31%-иар өссөн ч урт хугацаанд агаарын бохирдлыг арилгахын тулд илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж BloombergNEF мэдээллээ.

Энэ оны эхээр Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг тэглэх зорилгодоо хүрэхийн тулд 2030 онд цэвэр эрчим хүчний технологи, дэд бүтцэд нийт 4.5 их наяд ам.доллараас илүү хөрөнгө оруулах шаардлагатай гэж мэдэгджээ.