Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахимаар арилжсан нүүрсээ БНХАУ руу тээвэрлэж эхэллээ

А.Халиун

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсний цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эхлүүлснээс хойш гурван удаагийн  арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалсан билээ.  

Тус компани цахимаар арилжсан нүүрснийхээ анхны тээвэрлэлтийг эхлүүлсэн бөгөөд  гуравдугаар сарын 3-ны өдөр  Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод амжилттай хүргэжээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах байдлаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулснаар ийнхүү тээвэрлэлтийг эхлүүлсэн байна.

Өмнөх буюу нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр борлуулж байх үед уурхайгаас нүүрс гарсан л бол тээвэрлэлтийг худалдан авагч тал хариуцдаг байсан юм. Энэ үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан бол хил нөхцөлөөр борлуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК тээврээ хариуцдаг болсноор Монголын тээвэрчид нүүрс тээвэрлэж,  тээврийн ашиг нь Монгол Улсад үлдэх том боломжийг нээж өгч буй давуу талтай юм.