Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ

Ч.Сансар


Төв банкуудын алтны эрэлт 2022 оноос үргэлжлэн өсөж, өнгөрсөн сард дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ гэж Дэлхийн Алтны Зөвлөл (ДАЗ) пүрэв гарагт мэдэгдэв.
 
Алтны нэг сарын худалдан авалт 16%-иар өссөн гэж Европ, Ойрхи Дорнод, Африкийг хариуцсан ахлах шинжээч Кришан Гопаул тэмдэглэв. Сүүлийн 10 сар дараалан төв банкууд 20-60 тонны хүрээнд алт худалдан авч байгаа бөгөөд өнгөрсөн сарын алтны худалдан авалт энэхүү хязгаарт нийцэж байна.

Нэгдүгээр сард гурван банк нийт 44 тонн алт худалдан авсан бол нэг банк 12 тонн алт худалдсан гэж ДАЗ-ийн мэдээллээс харж болно.

2022 оны хамгийн том худалдан авагч нь мөн нэгдүгээр сард хамгийн их алт худалдан авсан. Туркийн Төв банк энэ сард 23 тонныг нэмж, албан ёсны алтны нөөцөө 565 тоннд хүргэв.

Хятадын Ардын банк энэ сард дахин 15 тонн алт худалдан авлаа. Тус банк 2022 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд 62 тонн худалдан авсан гэж мэдээлсэн. Одоогоор Хятадын алтны нөөц 2,025 тонн боллоо.

Казахстаны Үндэсний банк өнгөрсөн  сард дөрвөн тонн алт худалдан авч, алтны нөөцөө 356 тоннд хүргэсэн байна.
Европын Төв банк (ECB) алтны нөөцөө бараг 2 тонноор нэмэгдүүлсэн гэж мэдээлсэн боловч энэ нь банкны шууд худалдан авалт биш юм байна. Энэ нь Хорват улс валютын холбоонд элсэж, ECB-д тодорхой хэмжээний алтны нөөцөө шилжүүлэх шаардлага гарсантай холбоотой. Энэхүү шаардлагыг биелүүлэхийн тулд Хорват 12 дугаар сард бараг хоёр тонн алт худалдан авчээ.

Узбекистаны Төв банк энэ сард 12 тонн алт худалдаж, алтны нөөц нь 12-р сараас 3%-иар буурсан. Одоогоор Узбекистаны алтны нөөц 384 тонн болсон байна.