Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Ж.Ганбаатар: Уул уурхайн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулах шаардлага бий

А.Халиун

Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УУХҮЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

Нэгдүгээрт, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Нүүрсийг гурван стандартаар гаргаж, тэндээс АМНАТ-ыг нэлээд өндөр үнээр тооцдог байсан бол нүүрсний стандартыг нэмэгдүүлсэн. Одоо экспортолж байгаа нүүрсний 99 хувь нь коксжих нүүрс. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал тулгардаг. 193 дугаар тогтоолд өөрчлөлт оруулснаар нүүрсийг боловсруулах, угаах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 30-40 ам.доллараар борлуулсан тохиолдолд  АМНАТ авдаг байхаар тогтлоо.

Хоёрдугаарт, Дорноговьд баригдаж буй Газрын тосны үйлдвэр барих ажил манай яаманд харьяалагдаж байсныг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тосны үйлдвэр барих ажил бодлогын хувьд бүх асуудал нь шийдэгдсэн учир одоо аж ахуйн ажлуудыг тус компани хариуцан шийдвэрлээд явах ёстой гэж Засгийн газраас үзсэн.

Гуравдугаарт, Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэж, энэ хороог УУХҮЯ хариуцаж, ахлан ажиллахаар тогтлоо. Уул уурхайн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох, зэс хайлуулах, гангийн үйлдвэр, бусад металуудыг боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавьж байна.

193 дугаар тогтоолд өөрчлөлт оруулснаар нүүрсийг боловсруулах, угаах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 30-40 ам.доллараар борлуулсан тохиолдолд  АМНАТ авдаг байхаар тогтлоо.

-Шатахууны нийлүүлэлт тасалдсан гэх мэдээлэл байна. АИ92 бензин зарим ШТС-уудад тасарсан  байгаад тайлбар өгнө үү?
-Манай улсад шатахуун нөөцлөх агуулах савгүй. Хувийн компаниудад бол бий. Тэгэхээр ОХУ болон Монгол Улсад ямар нэг баяр тохиох, өвлийн түлшнээс зуны түлшинд, зуныхаас өвлийн түлшинд шилжих энэ үеүдэд гурван өдөр саатахад Монголд томоохон асуудал үүсдэг болжээ. Энэ бол нөөцлөх савгүйтэй холбоотой.  

1992 оноос хойш манай улсын авто болон агаарын түлшний хэрэглээ эрс нэмэгдсэн. Тиймээс Засгийн газраас 100 мянган тонн түлш хадгалах савны тендер зарлаж, компани нь шалгарсан. АИ92 бензин тасарсан хоёр компани бий. Компанийнхаа дотоод асуудалтай холбоотой тасалдал үүссэн.  Түүнээс тогтвортой нийлүүлэгч ААН-үүдэд асуудал гараагүй. Энэ тасалдал арилж, нийлүүлэлт 2-3 хоногоос жигдэрнэ.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр Энэтхэгийн зээлээр Дорноговь аймагт баригдаж байгаа. Цар тахлаас болж бүтээн байгуулалтын ажил хоёр жилээр хойшилсон. Үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Хоёр, гурав дахь тендерийг зарлаж, Энэтхэгийн компаниуд шалгарсан. Энэ жилээс ажил эрчимтэй үргэлжилнэ.