Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Геологичдын гарын авлага дөрөвдүгээр сард гарна

“Ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангилал, зааврыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж” төслийн үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлэг” өнөөдөр  ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд  болж байна.  Уг хэлэлцүүлэг нээлттэй болж байгаагаараа онцлог.  Сонирхсон геологичид уг хэлэлцүүлэгт орж өөрийн саналаа тусгах боломжтой. Мөн цахимаар https://mmhi.gov.mn/2023/01/05/ холбоосоор орж, Монгол Улсын ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төсөлтэй танилцан, саналаа өгөх боломжтой аж.  Өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлэг болон арга зүйн зөвлөмж, түүний ач холбогдлын талаар   ШУТИС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төвийн захирал, доктор профессор Г.Ухнаатай ярилцсанаа  хүргэе.

 

Энэ аргачилсан зөвлөмжийг боловсруулахаас өмнө ямар дүрэм, журмыг баримтлан ажиллаж байсан бэ?

1978 оноос өмнө  манай улс ЗХУ-ын ашигт малтмалын нөөцийн ангиллын заавар стандартыг  баримтлан ажиллаж байж. Харин 1978 онд өөрсдийн гэсэн ашигт малтмалын ангилал боловсруулж  “түр журам” нэртэйгээр 2010 он хүртэл мөрдөн ажилласан юм. 2010 онд нөөцийн ангиллын инструкц зааврыг боловсруулсан ч хэрэглээгүй хүчингүй болсон. 2015 онд “Нөөцийн ангиллын заавар, ашигт малтмалын ордын нөөцийг ангилах аргачилсан зөвлөмж”-ийг батлан өнөөг хүртэл мөрдөн ажиллаж байна. Зааврын хувьд бүх ашигт малтмалд зориулсан ерөнхий зөвлөмж юм.

Уг  зааварт дүйцүүлэн Монгол оронд элбэг байх гучин төрлийн ашигт малтмалд тулгуурлан аргачилсан зөвлөмж гаргах шаардлагатай болж Эрдэс баялгийн зөвлөлөөр орж батлуулсан. Эхнийх нь цацраг идэвхт бодис болон  таван ашигт малтмалын аргачилсан зөвлөмжийг  ШУТИС-ийн Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төв боловсруулан гаргажээ. Энэ ажил маань үргэлжлэн эхний 25 ашигт малтмалын арга зүйн зөвлөмжийг боловсруулаад байна. Өнөөдөр барилгын болон өнгөлгөөний чулуу, шаварлаг чулуу, гөлтгөнө, цахиурлаг чулуу, өнгөт эрдэнийн чулуу гэсэн таван ашигт малтмалын арга зүйн зөвлөмжийг боловсруулаад урьдчилсан хэлэлцүүлгийг хийж байна. Эдгээр гучин зөвлөмжийн 28 нь ШУТИС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төв дээр боловсруулсан.

Энэхүү арга зүйн зөвлөмжийг боловсруулсан төслийн багийг танилцуулбал?
Арга зүйн зөвлөмжийг боловсруулсан төслийн багийн хувьд тухайн ашигт малтмалын салбарт номер нэг гэгдэх эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг татан оролцуулсан. Тэд арга зүйн зөвлөмжийг боловсруулан гаргаж, туслан гүйцэтгэгчээр мөн тухайн ашигт малтмалаар дагнан мэргэшсэн  ШУТИС-ийн багш нар ажилласан. Жишээ нь: “Шаварлаг чулуулаг”-ийн аргачилсан зөвлөмжийг боловсруулсан Монгол Улсын Зөвлөх геологич, Аж үйлдвэрийн гавьяат ажилчин Ш. Доржсүрэн  энэ салбарт тэргүүлэх  мэргэжилтэн. Хамтарч Монгол Улсын зөвлөх геологич доктор /PhD/ Б. Алтанзул ажилласан. Энэхүү арга зүйн зөвлөмж маань арван бүлэгтэй жараад хуудас материал болсон. Үүнийг бид УУХҮЯ-ны вэбсайтад сар гаруй хугацаанд тавина. Холбогдох мэргэжилтнүүд геологичид санал хүсэлтээ оруулах бүрэн боломжтой. Тэр бүгдийг уг арга зүйн зөвлөмжид тусгах юм. 

Арга зүйн зөвлөмжийг нээлттэйгээр вэбсайтад тавьсны дараа  Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулах уу?
Шат дарааллын хувьд УУХҮЯ-ны Редакцын зөвлөлд  уг аргачилсан зөвлөмжийг хүргүүлнэ. Тэд уг зөвлөмжийг хянана. Үүний дараа Эрдэс баялгийн зөвлөлд өгдөг. Эрдэс баялгийн зөвлөлөөс  томилогдсон шинжээч дахин хянана. Дараа нь Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар орж хэлэлцэгдэн батлагдана. Үүний дараа  УУХҮ-ийн сайдын тушаал гарч, хэрэгжиж эхэлдэг. Энэ ажлыг санхүүжүүлэгч нь Германы BGR төсөл. Тэд “Олон нийтэд нээлттэй бай” гэсэн шаардлагыг тавьдаг. 

Арга зүйн зөвлөмж гарахаараа геологичдын байнгын  гарын авлага болох байх?
Тухайн төрлийн ашигт малтмалаар хайгуул хийж байгаа хүмүүс хайгуулын судалгааг ямар түвшинд, яаж хийсэн байх  ёстой вэ?, түүгээр үр дүнгийн тайлан бичихдээ ямар ямар бүлэгтэйгээр юуг оруулж бичих вэ гэдгийг энэ арга зүйн зөвлөмжид багтаасан. Монгол улс ийм баримт бичгийг анх удаа төрөлжүүлэн гаргаж байгаа нь энэхүү арга зүйн зөвлөмж юм. Геологичдын гарын авлага болж тэдний ширээнд байнга байх номын нэг болно. Жишээ нь: Шороон ордын хайгуул хийж байгаа хүмүүс энэ төрлийн арга зүйн зөвлөмжийг уншиж өөрт хэрэгцээтэй бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой болно. Тухайн ашигт малтмалын нөөц, аргачлалыг энэ зэрэглэлээр бодно, баяжигдах технологийн шинж чанарын судалгааг энэ түвшинд хийх нь, хүрээлэн байгаа орчин болон  усны судалгааг энэ аргачлалаар хийсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр орох шаардлагатай гэх мэтээр бүхий л мэдээллийг энэ зөвлөмжөөс авна. Тийм болохоор геологичид энэхүү хэлэлцүүлэгт ирж өөрсдийн өмнө тулгарч байгаа бэрхшээлээ ярилцаж, тодорхой бус байгаа зүйлийнхээ талаар санал бодлоо тусгах боломжтой гэдгийг онцолж байгаа юм. Ирэх боломжгүй бол УУХҮЯ-ны сайтаар орж зөвлөмжтэй танилцан, саналаа тусгах бүрэн боломжтой.  

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын Геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайханаас аргачилсан зөвлөмжийн талаар тодрууллаа.
2018 онд “Гучин төрлийн голлох ашигт малтмалаар аргачилсан зөвлөмж” гаргах   УУХҮ-ийн сайдын тушаал гарсан. 2019 онд анхны найман төрлийн ашигт малтмалаар аргачилсан зөвлөмжийг гаргасан. Монгол Улс өөрийн оронд түгээмэл байдаг голлох ашигт малтмал дээр арга зүйн зөвлөмж гаргаснаар тухайн ашигт малтмалын ордод хайгуул хийж байгаа геологичдод  гарын авлага болно. Эрдэс баялгийн зөвлөлөөр орж  нөөцөө хамгаалах, батлуулахад дөхөмтэй. Нөгөө талаас бүгд нэгдсэн стандартаар тавигдах шаардлагатай болно. Нөөцийн бүртгэл хөдөлгөөн хийхэд, мөн нөөцөд тавигдах шаардлага ямар болсныг мэдэх боломжтой болно. Энэхүү аргачилсан зөвлөмж дөрөвдүгээр сард бэлэн болох юм.