Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Энэ онд хэрэгжих хууль тогтоомжоос бизнес эрхлэгч та юуг анхаарах вэ?

Ж.Мөнх

Энэ онд  Зөвшөөрлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт  хэрэгжиж эхэлнэ. 

Монголын бизнесийн зөвлөл бизнес эрхлэгчдэдээ зориулан “Мэдлэг хуваалцах уулзалт” зохион  байгууллаа. Энэ онд хэрэгжих эдгээр хууль тогтоомжоос Төрийн хяналт шалгалтын тухай, Зөвшөөрлийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг бизнес эрхлэгчид сайтар судалж үзэх шаардлагатайг өмгөөллийн “Легал мейт” ХХК-г үүсгэн байгуулагч хуульч, өмгөөлөгч  Б. Батбаяр танилцууллаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  нэмэлт, өөрчлөлтөөр Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг бусад харьяалагдах  байгууллагад шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн хяналтын удирдамжтай болон удирдамжгүй хийх шалгалтыг нягтлах нь чухал аж.

 Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хувьд анхаарах шаардлагатай зүйл бий. Татварын албаныхан  зөвхөн өндөр “цалин”-гаас л өндөр татвар авна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлах болсон. Гэтэл уг хуулийн зүйл, ангийг нарийвчлан судлаад үзэхээр зөвхөн цалингаар хязгаарлагдахгүй бололтой. Цалин болон түүнтэй адилтгах бусад орлого гэж заасан болохоор нэмэгдэл хөлс, тэтгэвэр, тэтгэмж, ээлжийн амралтын олговор зэрэг бүхий л орлого, бусдаас авсан бүхий л ажлын хөлс түүнтэй адилтгах бүх орлогоос авах татвар  гэж ойлгогдох  үндэслэл байна. 

Харин Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болж журмаар зохицуулагдаж байсан тусгай зөвшөөрөл хуулийн хүрээнд зохицуулагдах болж, тусгай зөвшөөрлийн ангилалтай болсон. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2-т  үйл ажиллагааны чиглэлээс хамаарах зөвшөөрлийн нэр төрөл, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагыг хуульд нэрлэн заасан. Гэхдээ тус хуулийн 9.1-д хуулийн хэрэгжилт, эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл хяналт тавина. Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт орж ирснийг анхаарахгүй өнгөрч боломгүйг онцоллоо.