Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Араб газрын тосны худалдааг доллараас бусад валютаар хийхэд бэлэн байна

Ч.Сансар

Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан мягмар гарагт Давос хотноо дэлхийн хамгийн том түүхий нефтийн экспортлогч Саудын Араб нефтийн худалдааг ам.доллараас өөр валютаар хийх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
 
Саудын Арабын зүгээс газрын тосны худалдааг ам.доллараас бусад валютаар хийх боломжтой гэсэн дохио өгч байгаа нь дэлхийн нефтийн худалдаанд тогтсон АНУ-ын долларын ноёрхолд нэг аюул учруулж болзошгүй юм.
Аль-Жадаан Блүүмбергт өгсөн ярилцлагадаа "Худалдаагаа бид доллар, еврогоор эсвэл Саудын риалаар хийх үү гэдгийг хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй." гэжээ.

"Дэлхийн худалдааг сайжруулахыг зорьсон аливаа хэлэлцүүлгээс бид зайлсхийдэг гэж би бодохгүй байна" гэж   сайд нэмж хэлэв.
Саудын Арабын риал хэдэн арван жилийн турш ам.доллартай хамааралтай байгаа. Петродолларын тогтолцоонд дэлхийн том нефть экспортлогч улсууд түүхий нефтээ америк доллараар үнэлдэг бөгөөд Саудын газрын тосны экспорт 1970-аад оноос энэхүү тогтолцоог  дэмжсээр ирсэн билээ.  

Харин Саудын Араб дэлхийн хамгийн том түүхий нефтийн импортлогч Хятадтай нефтийн худалдааны стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

Өнгөрсөн сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабын нийслэл Эр-Риядад айлчлах үеэр Хятад, Саудын Араб харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, түүхий нефтийн худалдааг өргөжүүлэхээр тохиролцсон.
Харин Хятад улс өөрийн мөнгөн тэмдэгт юанийг олон улсын нефтийн худалдаанд илүү өргөн ашигладаг болгохыг төлөвлөж байна.

Ши Жиньпин эрчим хүчний хэлэлцээрт юанийн хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжихээ амлаж, Саудын Арабын нийслэлд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудад Шанхайн газрын тос, байгалийн хийн биржийг түлхүү ашиглахыг санал болгов.