Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Экспортын нүүрсний цахим арилжааны туршилт амжилттай боллоо

 Ж. Гэрэлт

Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид экспортын нүүрсний цахим арилжааны эхний туршилт  болжээ. Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу  энэ оны зургаадугаар сарыг дуустал хэрэгжинэ. Засгийн газрын хувьд хоёрдугаар сараас эхлэн бүх нүүрсээ биржээр зарахыг зорьж байгаа. Хөрөнгийн бирж "Энержи Ресурс", "Эрдэнэс Тавантолгой" ХК компанитай хамтран нүүрсний цахим туршилтын арилжаа хийх бэлтгэлээ бүрэн хангасан. 

Нүүрс арилжааны нөхцөлийн хувьд худалдагч тал арилжааны зарыг таван өдрийн өмнө тавина. Нүүрс худалдан авагчийн хувьд  дэнчинг арилжаа эхлэхээс 30 минутын өмнө  арилжаа эрхлэх байгууллагын дансанд байршуулахаар зохицуулжээ.

Экспортын гэрээг Монголын хөрөнгийн биржээс баталсан загварын дагуу долоо хоногийн дотор байгуулж, төлбөр тооцоог ажлын таван өдрийн дотор нүүрс худалдагч талын дансанд шилжүүлэх зохицуулалттай.

Энэхүү  туршилтын дуудлага арилжаагаар худалдах тал болох "Энержи ресурс" компани 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 2 багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ  1150 юаниас 1290 юань болж /тонн нь 187 доллар/ 12.2 хувиар өсчээ.

"Энержи ресурс" компани 12800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт боомтын терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр ийнхүү амжилттай борлуулжээ.