Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN)   нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшн-тэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаа зарлалаа. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд  Монгол Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани үндэсний  томоохон олборлогч компанитай  хамтран Хөндий эрдсийн дүүргийг хөгжүүлэх юм.

“Эрдэнэ Ресурс”-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли  “Бид Монгол Улсын уул уурхайн хувийн хэвшлийн тэргүүлэгч компани болох MMC-тэй стратегийн түншүүд болж байгаад баяртай байна. Манай хайгуулын туршлага, MMC-ын олборлолт болон гүйцэтгэлийн чадваруудыг хослуулснаар Баян хөндий алтны төсөл амжилттай хэрэгжиж, Хөндий эрдсийн дүүргийг тэлэх боломжуудыг улам бататгаж, бүх оролцогч талуудад өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү түншлэл нь Хөндий эрдсийн дүүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал алхам болно” хэмээн өгүүлжээ. 

Монголиан Майнинг Корпорэйшн-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлэхдээ “Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын эрдсийн хайгуулын салбарын хөгжилд шинэ боломжуудыг нээх, цаашлаад уул уурхайн салбараас эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд бодит ач холбогдолтой гэж үзэж байна.” гэлээ.

Монголын баруун өмнөд хэсэгт орших Хөндий эрдсийн дүүрэгт өндөр агуулга бүхий, илээр олборлох боломжтой алт, мөнгө, зэс, хар тугалга, цайр, молибденийн нөөц бүхий ашиглалтын гурав, хайгуулын нэг тусгай зөвшөөрлийг “Эрдэнэ Ресурс”  компани эзэмшдэг.  Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Тус компани  Монгол Улсын баруун урд бүсэд  хийсэн судалгааны үр дүнд Хѳндий алтны дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй.

MMC нь гурван үе шаттай 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ.  Эхний үе шатыг 2023 оны нэгдүгээр сард эцэслэх бөгөөд ММС нь хайгуулын хөтөлбөрүүд, Баян хөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ (“Feasibility Study” буюу “FS”)  болон Уурхайн ашиглалтын хугацаа  (“Life of Mine” буюу "LOM")-ны төлөвлөгөөг санхүүжүүлэх 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. 

Монголиан Майнинг Корпорэйшн   нь Монголын нүүрсний салбарт баяжуулсан коксжих нүүрс олборлон, экспортлогч, хувийн хэвшлийн хамгийн том төлөөлөл. MMC нь   Өмнөговь аймагт байрлах Ухаахудаг, Барууннаран   коксжих нүүрсний уурхайд тус тус үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид (HKEx: 975) нээлттэй арилжаалагддаг бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 300 орчим сая ам.доллар байна.