Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Монголын геологи, хайгуул 2023” чуулга, уулзалт болно

Г.Идэр

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай 2009 оноос хамтран зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2023” XIII удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. 

Тус чуулга, уулзалтыг хоёр өдрийн турш танхимаар зохион байгуулах бөгөөд онлайнаар шууд дамжуулагдах юм. Чуулганы үеэр үндсэн хуралдаан хэлэлцүүлэг, ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт, орон нутгийн уулзалт, гарц шийдлийн талаар хэлэлцэх аж. Мөн уламжлал ёсоор  “Алдарт геологич”, зураглалын шилдэг баг, хайгуулын шилдэг баг шалгаруулж, оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна гэдгээ чуулга, уулзалтыг зохион байгуулагчид илэрхийлж байна.

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2023 оны анхны хурлыг саяхан зохион байгуулж,  дүрмийн дагуу  тус холбооны Ерөнхийлөгч М.Очирбат удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнгөншагайг Гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлж, гишүүдийн 100%-ийн саналаар дэмжсэн билээ. Энэ үеэр холбооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн юм.