The Mongolian Mining Journal /Nov.2022/
Ц.Элбэгсайхан
Эдийн засгийн хүндрэлийг өрхүүд мэдэрч эхлэх нь. Хамгийн хүнд үе өнгөрөх нь бүү хэл өмнө маань хүлээж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй” байх шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн энэ мэдэгдэл Монголбанкны хараат бус байдал хэр жижгэрч, Монгол Улсын мөнгөний бодлого намын бодлого болон хувирсныг илтгэсэн мэдэгдэл болсон юм.
Энэ нөхцөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг батлуулсан нь Төв банк энэ улсад хийх ажилтай юм шүү гэж харагдах оролдлого шиг л байна. Ипотекийн зээлийг хэрхэхээ шийдэж чадалгүй мөнгөний бодлого боловсруулна гэдэг бол хамгийн бодлогогүй үйлдэл байх. Монголд л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болчихоод байгаа болохоос биш байж боломгүй үйлдэл билээ.
Мөнгөний бодлогын нэгдүгээр буюу үндсэн зорилт нь “Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6%-ийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ” гэжээ. Энэхүү эрмэлзэн зорьж буй 6% нь Монголбанкны барьдаг гэх мөнгөний бодлогын хүчийг сулруулдаг ипотекийн зээлийн хүү юм.
Инфляц үүнээс доош түвшинд очиж байж бодлогын хүүгээ бууруулах орон зай үүснэ. Он гарснаас хойш бодлогын хүүг хоёр дахин нэмсэн ч инфляци буурахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь ипотекийн зээлийн талд том цоорхой байгаатай холбоотой юм.
Энэ оны хагас жилийн байдлаар нийт 6.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 107.5 мянган зээлдэгчид олгосон байж. Өнөөдөр 3.4 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа юм. Эдгээр хойшлуулсан ипотекийн зээлийн үлдэгдэл нь нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 80 гаруй хувийг эзэлж буй бөгөөд багаар бодоход 500 гаруй тэрбум төгрөгийг жил тутам зах зээлд нийлүүлж буйгаас өөрцгүй. Үүнээс гадна, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 17.1 мянган зээлдэгчид нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгоод байна. Төв банк нэг талд нь төмөр нүүр харуулж хатуу бодлого тулгаад нөгөө талд нь эвийлж энэрэн хошуу дэвсэлсээр нэгэн жилийг баржээ. Тэр хоёр нүүрээ ирэх жилд ч харуулсаар байх болно. Учир нь 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нийт 2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн юм.
Хоёр нүүр нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэнд ч хэрэггүй “зохион бичлэг” болгож буйг өөрсдөө мэдэж буй. 2023 онд “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-дөө тэд ийн бичжээ. Хэдийгээр тус хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг нийгмийн олон талын ач холбогдолтой боловч Төв банкнаас хөтөлбөрийг санхүүжүүлэх нь инфляцыг өсгөх, төгрөгийн ханшийн сулрах дарамтыг өсгөх сөрөг үр дагавартай.
Энэ цоорхойтой бодлогын төлөөсийг банкууд дахь иргэдийн хадгаламж, үйлдвэрлэл эрхлэгчид төлж буй. Угтаа инфляц нь өрхүүдэд хамгийн хүчтэй мэдрэгдэх ёстой боловч инфляцын хурд саарахгүй байгаагаас үзэхэд бүх зүйл тэгтлээ дордчихоогүй байна. Логистикийн асуудлаас болоод барааны татан авалт тасалдаж, үйлдвэрлэлийн гарц эрс муудсан, агуулахын нөөц нь шавхагдан байгаа үед өрхүүдэд худалдан авах чадвар байгаа тулдаа инфляцтай ч эдийн засаг “өнхөрч” байна. Харин одоо ипотекийн зээлээ дахин төлж эхэлцгээхээр боллоо. Өрхүүдийн орлогын 40 хүртэлх хувийг “тогтолцоо” авахаар болов. Үүнийг зах зээл хэр мэдрэг хүлээн авах бол гэсэн эргэлзээгээр энэхүү нийтлэлийг бичиж буй юм.
Магадгүй, инфляц Монголбанкны зорилт 6%-д байж болно. Харин хэр хурдан байх бол? Магадгүй, түүнээс доош орох биз. Өмнө нь ч тийм зүйл болж байсан юм. Сануулахад, 2016 оны намар Монголын эдийн засаг анх удаагаа дифляц гээчийг үзсэн. Түүний өмнөх намар нь Төв банк бодлогын хүүгээ огцом 4.5 нэгж хувиар нэмж зах зээлд гэнэтийн бэлэг барьж байсан удаатай. Түүх дахин давтагддаг гэдэг. Давтагдаж мэдэх ч нөхцөл байдал үүслээ. 2023 он, зах зээл нийлүүлэлтийн хомстолтой, бас эрэлт “боомилогдсон” байхаар төсөөлөгдөнө. Монголд, бараг ХХ зууны төгсөлд л ийм үе байсан байх.
Эрсдэл улам нэмэгдэж байна. Ирэх оны мөнгөний бодлогын төсөлд эрсдэл гэдэг үг 380 удаа давтагдсан байгаа нь энэ оныхоос 30%, 2019 оныхоос 2 дахин олон байна. Монголбанк энэ шүдний өвчнөөсөө салахыг хүсэж буйгаа төсөл дээр бичиж, Засгийн газарт шилжүүлнэ гэсэн бол Засгийн газар нь авах хүсэлгүй байгаагаа төсвөөр дамжуулан илчилж нэг ч төгрөг суулгаагүй байна. Намын бодлого нь мөнгөний бодлогоос чухал болоод тэр биз ээ.