Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

40 их наядын хохирол үүссэн эсэхийг шинжээчид тодорхойлно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн тээвэрлэлтийн С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан АТҮТ-ийн 30 орчим албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Нурлатын хамаарал бүхий этгээд нь Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан асуудлыг хуулийнхан шалгаад, удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жагсагчид үндсэн гурван шаардлага тавьсан. Нэгдүгээрт, нүүрсний хулгайн хэрэгт оролцсон гишүүдийн нэрсийг зарлах. Хоёрт, нүүрсний хэрэгт оролцсон хүмүүст бүгдэд 15 жилийн ял өгөх, хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох, дөрөвт Covid-19-ийн үед зарцуулсан төсвийг ил болгохыг шаардсан.

Засгийн газрын хуралдаанаар эдгээр шаардлагыг хэлэлцээд Covid-19-ийн үед зарцуулсан төсвийг ил болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо. Ирэх долоо хоногт багтаан төсвийг ил болгоно.

Хоёр шаардлагад зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Жагсагчдаас тавьсан шаардлагын дагуу нүүрсний хэргийг богино хугацаанд илрүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан 40 мөрдөгч  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, өнөөдрөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Нүүрсний экспортыг зогсонги байдалд оруулахгүйн тулд трейдэр компанийг буруутгах зүйлгүй,тээвэрлэлтээ хийгээд буцаж ирснийх нь дараа асууж тодруулна.

 40 их наядын хохирол учирсан эсэхийг тогтоохын тулд маркшейдерийн албыг тусгайлан байгуулсан. Олборлолт хийсэн талбайд очин, он  оноор нь хэдэн сая куб олборлолт хийж, хэчнээн тонн нүүрс олборлов, коксжсон нүүрс хэд гарав гэж хэмжилт хийж эхэлсэн. Нүүрсний хулгайнаас 40 их наядын хохирол үүссэн эсэхийг тогтоохын тулд маркшейдерүүдын дүгнэлтэд үндэслэж, шинжээчид ажиллуулна.

Гаалийн мэдээллийг хилийн мэдээлэлтэй тулгах, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээнүүдэд үзлэг шалгалт хийх, гэрээгээр дамжуулж, давуу байдал үүсгэсэн эсэх, худалдан авалтаар дамжуулан давуу байдал үүсгэсэн эсэх гээд бүхий л нөлөөллийг шалгаж байгааг хэллээ.