Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Ирэх онд цахим биржээр нүүрсээ арилжина

Өнөөдөр /2022.11.28/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар салбарын хүрээнд хийж буй ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэл 20%, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 2022.11.01-ний өдрийн байдлаар  90%-тай байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл: Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын тендерийг  2022.11.16-ны өдөр нээж үнэлгээг хийжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн технологийн бус барилга байгууламжийн ажил /EPC-1/-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2022.11.22-ны өдрийн байдлаар 75.0%-ийн гүйцэтгэлтэй байгааг  танилцууллаа.

Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг урт хугацаанд эрдэс баялгийн нөөцөөр хангах зорилгоор Эрдэнэтийн стратегийн ордын хил зааг дотор өнгөт металлын хэтийн төлөвтэй нийт 99.5 мянган га талбай бүхий 6 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын мэдээлснээр Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашигласны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг цаашид 60 жил ашиглах боломжтой болсон мэдээллийг уулзалтын эхэнд дуулгалаа.

Шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийснээр 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензины тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тохиролцжээ. Дизель түлшний хомстолтой холбоотойгоор Роснефть компанид хүсэлт тавьжээ. Тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мянган тонн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 12 дугаар сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалгаа баталгаажуулжээ.

 АМГТГ-ын даргын  шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан. Сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж зарлах байдлаар үргэлжлүүлэх юм. АМГТГ хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.Мөн хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 97 тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсон байна.

 “Гадаад валютын албан нөөц нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан цахим биржээр арилжих бэлтгэл ажлыг хийж байна. “Эрдэнэс тавантолгой ХК-ийн экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулаад байгаа бөгөөд Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.  

Ашигт малтмалын хайгуулын суурь судалгааны ажлыг чанаржуулах, олон улсын шинэ-дэвшилтэт технологиор гүйцэтгэх зорилгоор улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгав. Энэ хүрээнд Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын салбарт нэвтэрсэн орчин үеийн шинэлэг арга, аргачлал, техник технологийг ашиглан Монгол орны зарим бүсэд үнэт, өнгөт, ховор металлын хэтийн төлөв тогтоох судалгааны ажлыг хийх юм.

Салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох ажлын хүрээнд дараах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна:

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл.

Мөн дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.