Бэрхийн далд уурхайн музей уул уурхайд эерэг хандлагыг түгээнэ

2022-11-17

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Орлогч сайд асан Д.Ренчинханд, нүүрсний салбар хариуцсан отгон дэд сайд З.Төмөрбаатар, уул уурхайн авьяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондов, Эрчим хүч, геологи, уул уурхайн дэд сайд асан Д.Амгалан гээд салбарын дэд сайдаар ажиллаж байсан дөрвөн эрхэм, 8 гавьяат, 20 гаруй ахмадын бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалттай аравдугаар сарын 14-нд танилцлаа. Тэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн ахмадын холбоо, төслийн багийнхны зохион байгуулсан энэхүү аяллын анхны зочид нь болов.

Улаанбаатар хотоос зүүн тийш 400 км, Чингис хотоос 70 км зайд оршдог Бэрх хотыг 1994 онд УИХ-ын тогтоолоор орон нутгийн хотын статустай болгосон юм. Бэрхийн уурхай нь 1954 оноос Бэрх орд буюу уулын цехийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж, 68 жилийн турш хориод салбар уурхайтайгаар хайлуур жонш олборлон экспортложээ. Экспортын оргил үедээ 170-189 мянган өндөр агуулгатай жонш олборлон борлуулж, Монгол Улсын төсвийн 25- 30%-ийг бие даан бүрдүүлж байсан түүхтэй уурхай юм. “1974 оноос “Монголросцветмет” нэгд­лийн үйл ажиллагааг эхлүүлэн бүрэлдэхүүнд нь Бэрх, Хажуу-Улааны хайлуур жоншны уурхайг оруулсан нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм шүү” хэмээн ахмад уурхайчид аяллын зуур хуучилж байлаа.

Бэрх хот нь тэр үед ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн, тэдний ар гэр 2000 орчим хүнтэй нийлээд 10000 орчим оршин суугчидтай, уурхайд нь 1200 гаруй хүн ажиллаж байжээ. Дэд сайд асан Д.Амгалан гуай “Би Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1973 онд Хүдрийн далд уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжлээр төгсч ирээд Бэрхийн уулын үйлдвэрт ашиглалт, аюулгүйн техникийн асуудал хариуцсан Ерөнхий инженерийн Орлогчоос ажлаа эхэлж билээ. Тэр үед энэ уурхайд 300 шахам хүн ажиллаж, жилд 35-40 мянган тонн өндөр чанарын хайлуур жонш гаргадаг, сургууль, эмнэлэг, ахуйн үйлчилгээ, бусад нийгмийн зориулалттай объектуудаар бүрэн хангагдсан, сумын төвүүдээс хамаагүй өндөр хөгжилтэй амьдрах нөхцөлтэй байлаа” хэмээн дурсан ярьсан нь бий. Тухайн үедээ уулын цех нь Монгол Улсын хамгийн гүн буюу 417 метр гүнтэй 2 босоо ам бүхий 2.1 сая тонн өндөр агуулгатай жоншны нөөцтэй орд байсан ба 1994 он хүртэл үйл ажиллагаа явуулж, нөөц нь бүрэн дууссан шалтгаанаар хаагдан усан консервацид тавигджээ. Уулын цехийн уурхай хаагдсанаар олон зуун уурхайчид ажлын байргүй болж, амьдрахын эрхээр тарж бутарч эхэлсэн ч өнөөг хүртэл ахмад уурхайчид, тэдний ар гэр, үр хүүхдүүд уурхайчдын хотдоо амьдарсаар байгаа юм. Монголын өнгөт металын ууган уурхайнуудын нэг Бэрхийн уурхайгаар дамжаагүй уул уурхайн мэргэжилтэн, уул уурхайн салбарын удирдлагууд бараг байхгүй гэж хэлж болно. 1971 онд тус уурхай нь социалист хөдөлмөрийн гавшгайч уурхай болж, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.

Аяллын багийнхан аймгийн төвөөс Бэрх хот руу салсан шинэхэн засмал замаар давхисаар хүрч ирлээ. Хуучин цагийн уурхай дагасан хотуудын дүр төрх нүднээ угтаж, өнгө будаг алагласан хашаа бүхий гэр хороолол хотын өнгө төрхийг илтгэнэ. Бэрх хотын иргэдээс Бэрхийн уурхайн түүхийг мөнхлөх санал санаачилга удаа дараалан гаргаж ирсэн бөгөөд 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ ахмад уурхайчид, үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд болон инженер, техникийн ажилчид, иргэдийн зүгээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, Монголын далд уурхайн түүхийг мөнхлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасны дагуу улсын төсөв болон “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв төслийн нэгжийн захирал Н.Батболд төслийн зорилго, хэрэгцээ, өнөөдөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар бидэнд танилцуулсан юм. Бэрх хот нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр-2030” төслийн бүсчилсэн тойрогт байрладаг аж.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд 200 гаруй ордуудыг ашиглан байгаль орчны нөхөн сэргээлт, хаалтын менежмент огт хийгдэхгүйгээр хаягдсан судалгаа байдаг аж. Өнөөдөр шинээр 234 ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа эдгээр уурхайнуудад уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг олон улсын жишгээр хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нэн тулгамдсан асуудал болж байгаа учраас энэхүү жишиг төслийг хэрэгжүүлж байгааг төслийн багийнхан онцолсон. Мөн уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн 18 их, дээд сургуулиудад жил бүр 1100 оюутан суралцаж, 240 шинэ мэргэжилтэн бэлтгэгдэн гарч буй. Эдгээр оюутан сурагчдад үйлдвэрлэлийн дадлага хийх, сургалтын бааз бий болгох, тодорхой мэргэжлүүдээр мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын төв Бэрхийн уурхайд байгуулагдах юм. Түүнчлэн уурхайн үйлдвэрлэлийн аргаар олборлолт явуулж байх үед нуралт, цөмрөлтөөс сэргийлэн үлдээсэн хамгаалалтын цулуудыг нөхөрлөлүүд олборлосноос үүдэн 300-400 метр зайд орших Бэрх хотын дэргэд хүн, мал, машин, техник унаж эрсдэх аюултай нөхцөл байдал үүссэнийг арилгаж, ухаш, овоолгуудыг тэгшлэн аюулгүй болгож, байгаль орчны унаган төрхөд нь оруулахаар зорьж байгаа юм байна.

Хамгийн сонирхолтой нь Монголын уурхайчдын түүх, өв соёл, бахархлыг мөнхжүүлэн цаашид хойч үеийнхэнд сурталчлах, таниулах, уурхайчдын ажил үйлсээр бахархах үзлийг ард иргэдэд суулгах, 2022 онд тохиож байгаа уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалт болоход Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв чухал ач холбогдолтой хэмээн төслийн нэгжийн захирал Н.Батболд ярилаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Бэрхийн уурхайд удаа дараа очиж ажиллан, энэхүү төслийг бүрэн хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Ингээд 2019 оны дөрөвдүгээр сард ХБНГУ, 2019 оны аравдугаар сард БНСУ-д тус тус туршлага судалсан аж. Төслийн хүрээнд цогц судалгааны томоохон ажлууд хийгдсэн бөгөөд уул уурхай барилгын чиглэлээр төслийн ТЭЗҮ боловсруулах, төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, барилга байгууламжуудын ажлын зураг төсөл, төсвүүд, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, геотехникийн нарийвчилсан судалгаануудыг хийсэн байна. Музейн чиглэлээр гэхэд Далд уурхайн музейн үзэл баримтлал, бодлогын баримт бичиг, музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө ч батлагдаж. Төслийн багийнхны ярьж байгаагаар, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа өнөө үед уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн жишиг болох, хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, уурхай дагасан хот тосгоны иргэдэд ажлын байр бий болгох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий уул уурхайн салбарын талаарх ойлголтыг ард иргэдэд таниулан сурталчилахад өндөр ач холбогдолтой төсөл болж хэрэгжих аж.

42 МЕТР ГАЗРЫН ГҮНД 810 МЕТР УРТ ХОНГИЛООР АЯЛСАН НЬ

Бэрхийн хаагдсан далд уурхайг түшиглэн байгуулж буй “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн газрын гүний үзүүллэгийн хэсгийг хуучин Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн газрын гүнд гадаргаас доош -45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий орчинд төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад оруулжээ.

Далд уурхайн газрын доорх байгууламжуудын тохижилтын ажилтай танилцахаар аяллын баг тусгай лифтээр 42 метрийн гүн рүү нэвтрэв. Тус төвийн төсөл нь газрын дээр болон газрын доорх бүтээн байгуулалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа ба нийтдээ 3 үе шаттайгаар хэрэгжиж буй. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. Далд уурхайн гүнд нэвтэрсэн даруйд бидний нүдийг хужирлах олон зүйл угтсан юм. Өөрөөр хэлбэл, газрын гүн дэх байгууламж нь далд уурхайн сургалт судалгааг харуулсан хэсэг, газар доорх ертөнц буюу интертэйнмент хэсгээс тус тус бүрдэж байна. “Сургалт судалгааны хэсэг нь УУРХАЙН СУРВАЛЖЛАГА үзэгчдэд далд уурхайн танин мэдэхүйн мэдлэг ойлголт олгохоос гадна уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшиж буй оюутан, суралцагчдын сургалт, дадлага, ажлын бааз болно” хэмээн төслийн ажилтнууд тайлбарлаж байв. Музей нь гэхэд Эрдэс баялгийн музей, Далд уурхайн музей гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх аж. “Эрдэс баялгийн музейд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн, ашигт малтмалын төрөл, орд, илрэлийг харуулж, эрдэс баялгийн дээжис, цуглуулгыг дэлгэн үзүүлнэ” хэмээн төслийнхөн ярилаа. Тэгвэл Далд уурхайн музейд Монголчуудын үйлдвэрлэл, уул уурхайн ажил эрхэлж байсан өнө эртнээс эдүгээг хүртлэх түүхийг харуулахаар болжээ.

Уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Очир­ваань бурханы танхим, Монголын үйлдвэрлэлийн түүхийн танхим, Монголын уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн газрын нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ гээд эхнээсээ хийгдсэн, заримынх нь бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа олон сонирхолтой зүйлүүдтэй газрын гүнд танилцав. Түүнээс гадна аялагчид уурхайн тээвэрлэлт болон өрөмдлөгийн үйл явцыг харуулсан үзмэрүүдийг ч эндээс үзэх боломжтой болох юм. Уурхайчин цайны газраар зочилсон аяллынхан кофегоор дайлуулж, тохижилтын ажил нь хэдийнэ хийгдсэн Сургалтын танхимд хэсэг саатав. Газрын гүний бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн контакт электровоз, өрөмдлөгийн болон бэхэлгээний төрөл үзүүлсэн хэсэг, уурхайн цахилгаан тоног төхөөрөмж зэргийг байршуулсан байх бөгөөд аяллын багийнхан тэр бүхэнтэй танилцан, “мэргэжлийн яриа”- гаа өрнүүлж байх нь эрхгүй сонирхол татаж байлаа.

                                                                                       Г.Идэрхангай                  / October 2022. № 010 (167). /

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.201)
    улсад ямар өр өгөөж өгөх вэ? нийтэд ээ бараг 8 тэрбумаар босч олон уурхайчдыг ажлын байргүй болгосон нүх
    2022 оны 11 сарын 18 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ