АМГТГ, Бадрах энержи ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд орд ашиглах гэрээний дагуу уран, түүнийг газар дор уусган олборлолт (ГДУО) сэдвээр сургалтыг өчигдөр зохион байгууллаа. АМГТГ-ын дарга Л. Баярмандал сургалтыг нээж “Өнөөдрийн энэ сургалт сүүлийн 3 жилийн хугацаанд ГДУО технологийн талаар төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дахь удаагийн сургалт болж байна. Уг аргыг анх удаа 1963-1965 онд Ян Ричигийн санаачилгаар UTAH International/Pathfinder компани АНУ-ын Wyoming-ийн Shirley Basin-ийн ураны ордод ашиглажээ. 1996 онд ISL аргыг уламжлалт аргаар олборлох боломжгүй бага агуулгатай тунамал ордуудад, ялангуяа АНУ болон Төв Азид өргөн хэрэглэх болсон байна. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор УУХҮЯ-наас “Газрын дор хүхрийн хүчлээр уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалт” нэртэй гарын авлагыг Олон улсын атомын энергийн агентлагаас 2001 онд гаргасан ураныг газар дор хүчлээр уусгах техникийн гарын авлага дээр үндэслэн гаргасан байдаг. Дэлхийд 60 жилийн түүхтэй ГДУО технологи нь уранаас гадна бусад зэс алт, никель, кобальт зэрэг бусад ашигт малтмалыг олборлоход ашиглах боломжтой хямд төсөр, богино хугацаанд барьж угсрах, хянах боломжтой, ухаалаг уул уурхайн арга болон хөгжиж байгааг онцлов.
Манай орны зүүн болон зүүн өмнөд хэсэгт 1940-өөд оны сүүлээр геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдсэнээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа анх эхэлжээ. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1970 оны хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төрөлжүүлэн явуулах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи- зураглалын экспедици, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Судалгааны ажил үндсэндээ 1990 он хүртэл үргэлжилж геологийн судалгаа, хайгуулын өргөн хүрээтэй ажил хийгдсэн бөгөөд судалгаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамрагдсан байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгуудад 66327.54 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгуудад 106059.67 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
Хайгуул хийж, нөөцийг нь тооцоолсон 13 ордын хэмжээнд В+С зэргээр 192 241 тонн металл ураны нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэгджээ.
Хуулийн хүрээнд нөхцөл шаардлага хангаж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд манайд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Францын хамтарсан Бадрах энержи ХХК Зөөгч-Овоо , Дулаан -Уул ордуудын төсөлд, Францын Орано групп, Монгол-Чехийн хамтарсан Гурван сайхан, Хараат Хайрханы ордуудын төсөлд, Чех улсын Ураниум индастри ХХК 85 хувийн хөрөнгө оруулалттай Мон-Атом ХХК 15 хувийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байна.
Ж. Гэрэлт