Төлбөрийн тэнцлийн хямралын гурав дахь давалгаа Монгол Улсыг нөмрөн ирлээ. Түүх давтагддаг гэдэг ч гурван удаа эргэдэг гэж ер сонсож байсангүй. Алдаанаасаа суралцдаггүйгээс нь үзэхэд Монголын эдийн засагчдыг “мунхаг” гэж хэлэхээс аргагүй нь. Тэдний тэргүүн эгнээнд Төв банкийг нэрлэвээс зохилтой. Учир нь төлбөрийн тэнцэл алдагдалтай гарснаас болж эдийн засаг “агааргүйдэж” муужрах түвшинд өмнө нь хоёр ч удаа хүрч байсан юм. Тэр бүрт ОУВС-гийн зээл, хөтөлбөрөөр гал намжааж, эдийн засагт валютын салхивч нээгдэж байсан билээ.
Эхнийх нь 2009 он. Өмнөх жил нь нэг тэрбум ам.долларт хүртэл хав дарж байсан валютын нөөцөө зургаахан сарын дотор тэн хагасыг нь гөвөөд ч ам.долларын ханш 1100 төгрөг орчмоос алдуурч 1400 төгрөг давсан үе. ОУВС[1]гийн “Стэнд Бай” хөтөлбөр нь ямар утга учиртай болоод зөв удирдлага, хяналт нь хэр богино хугацаанд эдийн засгийг нөхөн төлжүүлж болдгийг монголчууд мэдрэх боломжтой байсан цаг. Байсан гэхийн учир нь, хөтөлбөр дууссаны дараа дураараа дургих мэдлээ жил хагасын турш алдсан эрх баригчид ОУВС-г улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог хорлон сүйтгэгчид мэтээр харлуулж, гүтгэсээр үдэн гаргасан юм.
Дараагийнх нь 2016 он. Супер цикл гэдэг нэр томъёог цээжилж авсан үе. Учир нь суперцикл дууссаныг шавхарсан валютын нөөцөө хараад ухаарсан билээ. Оюу Толгой төсөл эхэлж, Тавантолгой хөдөлж, хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт юүлж байсан 2010-2012 онд хураасан 4.1 ам.долларын нөөцийг хуримтлуулаад байв. Супер цикл ч тэгсхийгээд өндөрлөж, экспортын орлого саарч, импортын хэрэглээ тэлсээр 2013 оны эхний хагас гэхэд ердөө 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй үлджээ. Тухайн жилийн төлбөрийн тэнцлийн алдагдал 1.8 тэрбум ам.долларт хүрч, Монголбанк үүнийг төлбөрийн тэнцлийн алдагдал хэмээн нэрлэх болсон юм. Мэдээж хэрэг ам.долларын ханш чангарч 1500 төгрөг давж, төдий тооны нэг төгрөгийн дэвсгэрт бүтэн орон сууцны ханыг ч доторлож хүрнэ гэсэн яриа эрчийг авав. Тухайн үед, Төв банкнаас ОУВС-д хандахыг Засгийн газарт санал болгосон ч эрх баригчид хүсээгүй юм.
Удалгүй валютын нөөц бүр 0-ээс ч бага болсон гэсэн асуудал сөхөгдөж, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Төв банкны шинээр томилогдсон удирдлагууд төгрөгийн ханшийн сулралын эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаар болж, Бодлогын хүүг огцом 4.5%-иар нэмсэн. Мөнгөний бодлогын зөвлөлөөр ч хэлэлцэгдээгүй уг “дэггүй” шийдвэр дорвитой үр дүн авчраагүйг ханшийн хөдөлгөөн харуулдаг. Харин бодлогын нөгөө үр дагавар нь сайн ажиллаж, инфляцийг ихэд хумьж (зорилтот түвшин 6-8%-иас хэт доогуур явж ирсэн) билээ. Үүний дараа тэдэнд үлдсэн ганц сонголт ОУВС-нд хандах байсан юм. Уг нь эрх баригчид богино хугацаатай “Стэнд Бай” хүсэж байсан ч сурагчийнхаа мууг мэдэх тул тус сан дөрвөөс дээш жил хэрэгжих “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэгчийг “тулгасан”. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нэг талаар үр дүнгээ өгч валютын нөөцийг сэргээж чадсан. Гэвч энэ нь төгрөгийн ханшийг чангалах ямар ч нөлөө үзүүлээгүйгээр барахгүй ам.доллар улам л үнэд орсоор байлаа. Нөгөө талаас хөтөлбөрийн үр дүнг бүрэн үзэхэд дэлхийг чичрүүлсэн Ковид-19 цар тахал давшгүй саад тотгор болон хөндөлсөж, энэ “борооноор” Засгийн газар, Монголбанк хоёр ус, тос шиг ялгарч чадалгүй сүлэлдэх болсон юм.
Хоёр жил гаруй хил хаагдсан, хэрэглээ хумигдсан, нийлүүлэлт тасалдсан байтал хүмүүс зээлийн төлөлтөө хойшлуулж, илүү бага хүүтэй зээл авсаар байсан. Үр дүнд нь, мөнгөний нийлүүлэлт таван жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдээд байна. Инфляц ч гаарав. Эрх баригчид үүнийг биднээс үл шалтгаалах хүчин зүйлс буюу олон улсын тээвэр логистикт үүсээд байгаа сааталтай холбон, өөрсдөөсөө зайлуулж ирлээ. Бодит байдалд 2022 он гарснааc хойш эхний найман сарын дундаж импортын дүн цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний найман сартай харьцуулахад 40% өндөр байна. Нөгөө төлбөрийн тэнцэл наймдугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс бид 18 сарын өмнө 4.8 тэрбум ам.доллар байсан гадаад валютын албан нөөц яагаад өнөөдөр 2.7 тэрбум болж буурсныг, яагаад ам.долларын ханш 3500 төгрөг давж, залуус төрийн ордны өмнө олноороо жагсаж, суух болсныг тайлбарлаж болохоор харагдаж байна. Гэвч толгой эргүүлсэн нэг том асуулт үлдэж байна. Энэ хугацаанд экспорт импортоо бараг 800 сая ам.доллароор давжээ. Тэгвэл нөөц юунд үрэгдэв? Юун түрүүнд хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, байгаа “ногоон”-оо цүнхлээд буцаж байгааг хэлэх хэрэгтэй. Гадаад валютын албан нөөц түүхэнд дээд хэмжээнд байсан 2021 оны дөрөвдүгээр сараас хойш 2.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголыг орхин гарчээ.
Хоёрдугаарт хэлэх зүйл бол, харилцах дансан дахь гадаад валютын өсөлт. Төв банк ханшийг барихын тулд 2 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлсэн энэ хугацаанд хадгаламжийн байгууллагуудын харилцах дансанд сул хэвтэж байгаа гадаад валютын хэмжээ 1.5 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж 3.5 тэрбум хүрчээ. Чухамдаа, энэ нь зах зээл дээр хоёр ялгаатай, бүр эрс зөрүүтэй ханш тогтсоноос, цаашилбал банкнуудын иргэдэд нэг удаа олгох ам.долларын хэмжээнд хязгаар тогтоосных нь хэмжигдээгүй төлөөс болж таарч байх шиг. Банкнаас америк доллар авна гэдэг алт олохоос ч амаргүй болсон үед гэнэтийн, яаралтай хэрэг болсон үед гэх үүднээс хадгаламжинд биш хэтэвчиндээ ногоонтой байхыг зах зээл илүүд үзэж байна. Нэг үгээр хэлбэл, нөөцөө хамгаалах гэж аргаа барсан шийдвэр гаргасан нь эргээд нөөцийг нь шавхах хөшүүрэг болсон байж мэдэх нь.
Эцэстээ эрэлт, нийлүүлэлт гэх нөгөө л тайлбар валютын ханшийн, бас нөөцийн хариулт болж байна. Төв банк өнгөрсөн хугацаанд зөөлөн бодлогынхоо тунг тааруулаагүй бол саяхан бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар огцом чангалсан. Энэ нь харин оройтоогүй байгаасай. Ахиад нэг жил өнгөрөхөд ханшаа ч алдчихсан, нөөцөө ч шавхсан, өрхүүд мөнгөгүй, сонгуулийн шоугаа эхлүүлж байх вий.
Ц.Элбэгсайхан / October 2022. № 010 (167). / Сэтгүүлийн дугаараас