Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

                                                                          Эх сурвалж: УУХҮЯ

“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийн дунд АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал М.Буянбадрах “2019 онд АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс хүдэр худалдан авч баяжуулж, боловсруулаад экспортлоход олоогүй орлогоос нь олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд, борлуулсан орлогоос нь өндөр хувь хэмжээгээр дахин АМНАТ ногдуулдаг болсон. Хэдийгээр хасалт хийдэг болгосон ч үйлдвэрлэгчдэд татварын дарамт хэвээр үлдсэн.  АМНАТ-ын ийм зарчим дэлхийн ямар ч улсад байхгүй” хэмээн ярилаа. Саяхан Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны судалгаанд  Монгол Улсад ашигт малтмалын салбарын эрх зүйн орчин тогтворгүй, АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх, хувь хэмжээ нь  өндөр байгаа талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байна.  АМНАТ-ыг давхардуулж олгосноор  өнгөрсөн гурван жилийн хугацаанд компаниудыг өрөнд оруулж, дампуурахад хүргэж байгаа төдийгүй гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хааж байна хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.  Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-аар хэлэлцэж батлахдаа АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд үүсээд байгаа дарамтыг бууруулахыг оролцогчид хүсч байгаагаа илэрхийлэв. Татварын алба нь АМНАТ-ын авлагатай, татвар төлөгчид нь төлж чадахгүй байгаа төлбөрийн өртэй болж байгаа өнөөдрийн гажиг үзэгдлийг засч залруулахад аж ахуйн нэгжүүд дуу хоолойгоо нэгтгэн төр засагтаа хүргэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. 

                                                                                  Г.Идэр