Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Иргэдийн оролцоо сайтай жишиг сум

Говийн намар налайж байна. Дуу хуурын өлгий Дундговь аймаг шаргал намрын өнгөнд уусаж, тал хөндийд тайвуухан бэлчих цагаан зээрийн сүрэг тэртээд харагдах нь нутгийн үзэмж юм. Аялагчдын нүдийг хужирладаг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Их газрын чулуу Гурвансайхан сумын нэгэн бахархал. Гурвансайхан сум гурван бахархалтай. Сая дурдсан байгалийн үзэсгэлэнт газраас гадна “Жишиг сум” гэдгээрээ гайхагддаг. Гурвансайханыг шинэчилсэн архитектор” нь УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн гэдгийг энд ирээд олон хүний ярианаас сонсов.

Нутгийн иргэдийн сэтгэл зүтгэл, санаачилга, хандив тусламжаар “SSS” цогцолбор байгуулжээ. Хурал зөвлөгөөн, хааяахан “сумын бүжиг”-ээ хүртэл хийчихдэг орчин үеийн, тохилог энэхүү байгууламж сумын төвийг чимэглэх аж. Гудамж талбай нь цэвэр цэмцгэр. Явган болоод засмал замуудаар Жишиг сумын төвийг тохижуулжээ. Тэгвэл сумынхны бас нэгэн бахархал бол ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн Салхитын мөнгөний уурхай аж. Уурхайн хувьд том биш хэдий ч өгөөж нь улс даяар яригддаг. Гэхдээ уурхай л болсон хойно нутгийн зон олны сэтгэлд нийцэх, нийцэхгүй зүйл ч байсаар л байдаг бололтой.

Нийцэхгүй зүйлс байх ахул тэр бүхнийг иргэдийн оролцоонд тулгуурлан шийдэх боломжтой гэсэн үгийг нутгийн нэгэн иргэн хэлж байна. Учир нь, Гурвансайхан сум бол иргэдийн оролцоо сайтай, түүгээрээ ч жишиг сум. Чулуут багийн иргэн Л.Магнайбаяр гуай өөрийн санаачилсан “Жишиг баг” төслөө удирдлагууддаа танилцуулахаар иржээ. “Эрдэнэс Силвер Ресурс компани, MERIT төслийнхний зохион байгуулж байгаа Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг танилцуулах Нээлттэй хаалганы өдөрлөгийг олон нийтийн сүлжээнээс сонсоод ирлээ. Уурхай хэзээ нэгэн цагт хаагдана, тэр үед уурхайн орчин ямар байдалтай үлдэх вэ гэдэгт санаа зовиноод ийм нэг төсөл боловсруулсан юм. Багийн төв маань уурхайгаас 7 километр зайтай. Тийм болохоор уурхайгаас өндөр хүчдэл аваад, багийн төвөө тохижуулбал жишиг багийн төв болно доо. Махны жишиг үйлдвэр, ноос угаах үйлдвэр, хүн малын эмнэлэг гэдэг юм юмтай баг болбол нутгийн иргэдэд өгөөжтэй” хэмээн тэрээр өгүүлсэн юм.

Хөдөө нутаг, малчны хот айлыг цахилгаанжуулахад мэргэжил мэдлэгээ зориулж ирсэн ахмад инженер Л.Магнайбаяр бол нутгийн идэвх санаачлагатай олон олон иргэдийн төлөөлөл юм. Өөр багаас ирсэн иргэд ч тэдний дунд олон байв. “Орон нутаг, тусгай зөвшөөрөл авсан байгууллага хоёрын тохиролцоо, ойлголцол сайн байвал болох нь тэр гэж би боддог. Канад төсөл давгүй юм дуулгаж байна. Олборлолтоо хийж байхдаа уурхайн хаалт, нөхөн сэргээлтээ хийнэ гэдэг сайн хэрэг” хэмээн нутгийн иргэн Т.Алтангэрэл гуай өгүүлэв.

Төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компани нь уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой хууль, журмаа сайтар мөрдөн, сайн туршлагаараа түүчээлэхийг зорьж буй. Уурхайн ашиглалт цаашид ойролцоогоор 8 жилийн хугацаанд үргэлжлэх боловч Монгол Улсын холбогдох хууль, журамд заасны дагуу хаалтын менежментийг эрт төлөвлөн батлуулах шаардлагатай. Тиймээс Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төслийн II үе шатны талаар нутгийн иргэдэд зөв мэдлэг, ойлголтыг өгөх нь төсөл хэрэгжүүлэгч MERIT төслийн баг, “Эрдэнэс Силвер Ресурс” компани,

Дундговь аймгийн ЗДТГ, сумын засаг захиргааны хувьд нэн чухал, хариуцлагатай ажил билээ. Есдүгээр сарын 28, 29-нд “SSS” цогцолборт зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн эхний өдрийн өглөө иргэд цагтаа цуглан, танхим дүүргэсэн нь иргэдийн оролцоо сайтай сум гэдгийг ямар нэгэн хачир тайлбаргүй нотлох аж. Монгол дээл хувцсаараа гоёсон ахмадууд уулзалт эхлэхээс өмнө аль хэдийнэ ирчихсэн, зарим нь суудлаа эзлээд байв. Сумын иргэд бүтэн хоёр өдрийн турш хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон, үгээ хэлж, зохион байгуулагчдаас хүссэн мэдээллээ нэрэлхэлгүй асууж тодруулж байгаа нь олзуурхууштай. Уурхайн нөлөөлөлд өртөж буй иргэд, орон нутгийн оролцогч талуудын саналыг сонсож, хаалтын төлөвлөлтөд тусгах шаардлагатай тул төслийн хоёрдугаар үе шатанд иргэд мэдээлэл өгөх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж буйг MERIT төслийн багийнхан онцолж байлаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцсоноор уурхайн хаалт гэдэг нь одоо хаах тухай биш 10 жилийн дараах хаалтыг одооноос төлөвлөж байгааг та бүхний ярианаас ойлголоо” гэх иргэд ч цөөнгүй байв. Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “Манай аймагт хэрэгжиж буй Салхитын уурхайн төсөл улс орны хэмжээнд өндөр ач холбогдолтой. MERIT төслийн хэрэгжүүлж байгаа төслийн тухайд нэг том давуу тал бий.

Цаашид уурхайнуудад хаалтын гэрээ хийхдээ орон нутагтай яаж хамтарч ажиллах вэ гэсэн асуудлыг шийдэж чадахуйц үр дүнтэй болохуйц төсөл” хэмээн Нээлттэй өдөрлөгийн үеэр бидэнд ярилаа. Дундговь бол уул уурхайн төслүүд олноороо хэрэгждэг аймаг биш. Тус аймагт стратегийн томоохон ордууд байдаггүй. Нөөц нь тодорхой хэмжээнд илэрсэн, хайгуулын шатандаа яваа 200 гаруй компани бий. Уул уурхайн үйл ажиллагаа төдийлөн явагддаггүй онцлогтой учраас орон нутгийн иргэд энэ салбарын талаарх мэдлэг, мэдээлэл муутай гэж хэлж болно. Гэхдээ уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нутгийн захиргааны байгууллагын оролцоо өндөр байгаа нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр аймгийн удирдлагууд бодлогын маш олон бичиг баримтыг хамтдаа боловсруулалцаж, төрийн байгууллагуудаа бүрэн оролцоотой ажиллахад өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн байгууллагууд, ИТХ, иргэд гээд бүх талууд идэвхтэй оролцож байгаагаараа энэ төслийн нэг онцлог аж. Тиймээс ч Салхитын уурхайд хэрэгжүүлж байгаа MERIT-ийн төсөл уул уурхайд жишиг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа М.Анхбаяр дарга яриандаа дурдаж байлаа. MERIT-ийн дэмжлэгээр олж авсан туршлага, стандартаа орон нутагт түгээнэ гэдгээ Гурвансайхан сумын ЗДТГ-ын дарга Б.Энхтуяа хэллээ. Гурвансайхан сум чанарын удирдлагын ISO стандартыг нэвтрүүлжээ. Бас л жишиг ажил. Цаашид энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий хэмээн тэрээр иргэдэд тайлбарлаж байв. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож, танилцуулга хийсэн MERIT төслийн Суурийн төлөөлөгч Женнифер “Канад улс бол уул уурхайн хариуцлагаараа олон улсдаа тэргүүлдэг. MERIT төслийн хувьд маш сайн Канад зөвлөхүүдийг Монголд урьж авчирсан. Тэд уул уурхай болон байгаль орчны холбогдох яам, орон нутгийн захиргааны байгууллагууд, нутгийн иргэд зэрэг бүлгүүдтэй хамтран ажиллаж, сайн туршлага хуваалцаж байна” гээд, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Тэдгээр туршлагатай зөвлөхүүдийн нэг “Си Пи Пи Энвайронмэнтал”- ийн Зөвлөх Майк Посента. Тэрээр энэ төслийн холбогдолтой бүхий л ажилд үнэтэй зөвлөгөө өгөхөөс гадна орон нутгийн иргэдтэй төслөө хэрхэн ойлгуулж, хамтарч ажиллаж, тогтмол мэдээллээр хангах вэ гэдэгт өндөр мэдрэмжтэй хандаж ажиллаж байгаа нь уулзалт бүрээс харагдаж байлаа. Нээлттэй хаалганы хоёр дахь өдөр Бүлгийн хэлэлцүүлгүүдийн сонирхолтой уулзалтаар үргэлжилсэн юм.

Төслийн Үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн зөвлөх баг, Нийгэм-эдийн засаг, жендэрийн зөвлөх баг, Газар хэлбэршүүлэлтийн зөвлөх баг, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх баг, Хаалтын өртөг зардал тооцоолох зөвлөх багууд дор бүрнээ иргэдэд өөрсдийн чиглэл чиглэлийн хийх ажлуудаа танилцуулж, санал бодлыг нь сонссон юм. Үндэсний зөвлөхүүдийн хоёр өдрийн турш өгсөн нээлттэй мэдээллээс иргэд нэлээд эерэг, зөв ойлголтыг авч, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулахад өөрсдийн зүгээс идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлж байв.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”- ийн хамгийн чухал хэсэг нь уурхайн нөлөөлөлд өртөж буй Чулуут багийн иргэдийн хэлэлцүүлэг болон эмэгтэйчүүд ба зорилтот бүлгийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг байлаа. Төслийн мэргэжилтэн Р.Эрдэнэчимэг, эрх зүйч Г.Сурахбаяр нарын чиглүүлсэн тус хэлэлцүүлэгт оролцогчид хамгийн түрүүнд уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг хөндөн ярьж байна. Уурхай хаагдсаны дараа яаж нөхөн сэргээх юм бэ, бэлчээрийн талхагдал, усны асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдгийг илүүтэй асууж, лавлаж буй харагдав.

“Уурхайн хаалт гэхээр нь уурхай ажлаа зогсоогоод явж байгаа юм байна гэж бодож байсан. Гэтэл арван жилийн дараах асуудлыг өнөөдөр ярьж байгааг ойлголоо. Тиймээс бид одооноос өөрсдийн зүгээс ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлж, бизнесээ явуулж байх нь зөв юм байна. Уурхайн хаалтын талаар иргэд тодорхой хэмжээний эерэг ойлголттой болж чадсан нь энэ удаагийн хэлэлцүүлгийг үр дүн байлаа” хэмээн төслийн мэргэжилтэн Р.Эрдэнэчимэг ярилаа. Тэгвэл эмэгтэй оролцогчдын дунд өрнөсөн хэлэлцүүлгийг MERIT төслийн захирал Р.Алтангэрэл, хамтран чиглүүлэгч Ц.Бүжидмаа нар удирдсан ба хэлэлцүүлэгт таван багийн 40 гаруй эмэгтэй оролцов. Гурвансайхан сум сүүн цагаан идээгээр брэнд үйлдвэрлэл эрхэлдэг, тиймээс энэ чиглэл рүү хандсан бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцлөөр хангах талаар оролцогчид саналаа илэрхийллээ. Ер нь хэлэлцүүлэгт оролцогчдын ихэнх нь Их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт цогцолбор газартай ойр оршдог уурхай гэдэг утгаараа энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх, уурхайгаас үлдэх дэд бүтэц, эрчим хүчний системийг түшиглэн амь амжиргаатай холбоотой бизнесээ хөгжүүлэх нь нэн чухал болохыг илэрхийлж байсан юм.

MERIT-ийн жишиг төсөл нь хоёр үе шаттай. Өөрөөр хэлбэл, төслийн хэрэгжилт нь хоёр үндсэн үе шатаас бүрдэх бөгөөд үе шат бүр нь тодорхой хүлээгдэх үр дүнтэй. Салхитын ордын хаалтын төлөвлөгөөний туршилтын 1-р үе шат амжилттай хэрэгжиж дууссан бол хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр тус ордын хаалтын менежментийн төлөвлөгөөг эцэслэж, батлуулахаар эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэдгийг Төслийн багийн зүгээс илэрхийлж байна. Гурвансайхан суманд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” бүхэлдээ иргэд рүү чиглэснээрээ, иргэдийн оролцоонд тулгуурласнаараа бусад уул уурхайн компаниудын орон нутагт явуулдаг үйл ажиллагаанаас ихээхэн ялгарсныг дахин онцолж хэлье. Зөвхөн уурхайн хаалтын талаар яриад байх биш, иргэдэд хандсан эрүүл мэндийн үнэгүй төлбөргүй үзлэг, Улсын бүртгэл, газрын харилцааны Нэг цэгийн үйлчилгээ, спортын арга хэмжээ, бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа гээд нутгийн зон олны сэтгэлд нийцсэн олон үйл ажиллагаа энэ үеэр явагдлаа. Жишиг суманд хэрэгжиж буй уурхайн хаалтын Жишиг төслийг сонирхож, цаашид хамтарч ажиллахаа иргэд илэрхийлсээр байна.

                                                                                             Г.Идэрхангай       / September 2022. № 009 (166), MMJ /