Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

УУХҮЯ-ын төлөөлөл  Австрали улсын Эрдэс баялгийн зөвлөл, Викториа мужийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөл Австрали улсын Сидней хотод ажиллаж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл  10-р сарын 31-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Шадар сайд бөгөөд Бүсийн сайд Пол Тоул-ийн урилгаар тус мужийн Засгийн газраас зохион байгуулсан “Критикал минерал / чухал ашигт малтмал/-ын хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтад оролцсон бол  11-р сарын 1-нд  Австралийн гео шинжлэх ухааны агентлаг  /Geosciеnce Australia /-ийн үйл ажиллагаатай танилцжээ.

Австрали улс геологи, хайгуулын салбартаа “Exploring for the Future” төслийг 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд газрын гүн дэх эрдэс баялаг, гүний ус, эрчим хүчний талаарх шинжлэх ухааны шинэ мэдээ, мэдээллийг тэргүүлэх эрдэмтэд техник, технологийн инновац ашиглан судалгаа хийдэг. Арга зүйн хувьд геофизикийн судалгаа, геохимийн дээж, гидрологийн зураглал, давхарга зүйн өрөмдлөгийг ашиглан мэдээлэл цуглуулдаг байна.

Манай улсад энэхүү цогц судалгааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай тул хөтөлбөрийн агуулга, хүрсэн үр дүнгийн талаарх арга туршлагыг судлан санал солилцжээ.

Хайгуулын судалгааны салбарт нэвтэрсэн орчин үеийн технологи, шинэлэг ололтуудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах хүсэлтээ ч илэрхийлсэн байна.  Мөн газрын ховор элемент, батарейн түүхий эдийн геологи, хайгуулын чиглэлийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад 3-6 сарын хугацаатай тогтмол урьж ажиллуулах, энэ чиглэлээр байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг тавьжээ.

11 дүгээр сарын 2-нд өдөр Сидней хотод болох  “Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” /International Mining and Resources Conference IMARC/ нээлтээ хийлээ. 100 гаруй орны 7500 гаруй шийдвэр гаргагчид, уул уурхайн салбарын удирдагчид, нөөцийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид дэлхийн өнцөг булан бүрээс нэг дор цугларсан байна.

Уг хурлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл оролцож, Австралийн Күийнсланд мужийн Парламентын гишүүн, Эрдэс баялгийн сайд Скотт Стюарттай уулзжээ. Монгол Улсын ашигт малтмалын хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн холбогдох байгууллагуудтай холбох, Күийнсланд мужийн геологийн суурь судалгааны чиглэлийн инновац, дэвшилтэт технологийг Монгол Улсын геологийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, ашигт малтмалд ногдуулж буй роялти татварыг хэрхэн оновчтой тодорхойлох талаар мэдээлэл солилцсон байна .

Хурлын дараагийн өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Бин Ибрахим Алхорайеф, Энэтхэг улсын Уул уурхайн сайдын төрийн нарийн бичгийн дарга Вивек Барадваж нартай уулзлаа.

Манай гурван улсын хувьд ашигт малтмалын салбарт харилцан туршлага, мэдлэг солилцох, ялангуяа газрын тосны салбарт болон энэ чиглэлийн геологийн суурь судалгаа, хайгуулын ажилд хамтран ажиллах боломж  их бий.

Уулзалтын үр дүнд Энэтхэг улсаас энэ онд багтаж салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг УУХҮЯ, холбогдох агентлагууд дээр ирж ажиллах бол Саудын Арабын Хаант Улсын хувьд манай улстай геологи, уул уурхайн салбарт төдийгүй бусад олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Чуулганы энэ өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Демус Кингтэй уулзлаа.

ВНР, Ринто Тинто, Янкоул Австрали зэрэг компаниудын гишүүнчлэлээс бүрддэг тус байгууллага нь эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг дэмжих, сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын үеэр Австралийн геологи хайгуул, олборлолтын компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах боломж, манай улсын геологийн нөөц, бололцооны талаар талууд мэдээлэл солилцжээ. Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага геологийн хайгуулын ажил гүйцэтгэж, дараагийн шатанд хайгуул хийх компаниудын эрсдэлийг бууруулдаг нь хөрөнгө оруулалт татахад ихээхэн хувь нэмэр оруулдаг тул энэ жишгийг Монгол Улсад нутагшуулах нь чухал болох талаар Демус хэлсэн байна. Хоёр тал цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн өдрийн үдээс хойш сайд Ж.Ганбаатар Викториа мужийн Дэд комиссар бөгөөд Ойрх Дорнод, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Кассем Янестай уулзсан байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журам, газрын ховор элемент, критикал минерал, зэсийн хайгуул, олборлолтын асуудлаар санал солилцож, байнгын харилцаатай хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын Австрали Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.