Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

MMJ-ийн редакц   Намгарын Алгаад бүтээлийнх нь эмхэтгэлийг дурсгав     

“Ассоциацын” хэмээн салбартаа хүндлэгддэг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Намгарын Алгаагийн цолны мялаалга, хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 22-нд “Их наяд” цогцолборт болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд  Д.Цахилгаан зэрэг төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд, геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад гээд салбар салбарын, үе үеийн төлөөллүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.

1980 онд ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг Өнгөт металлургийн инженер мэргэжлээр төгссөнөөс хойш 40 гаруй жилийг  уул уурхайн салбарт зориулж яваа Н.Алгаа нь уул уурхай, эдийн засгийн The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулахад тулгын чулууг тавилцсан хүндтэй эрхэм билээ. Тэрээр  салбарын нийтлэг эрх ашгийн төлөө төр засаг болоод олон нийтэд дуу хоолойгоо хамгийн идэвхтэй хүргэж ирсэн  Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн удирдлагад 18 жил ажилласны дөрвөн жилд нь Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Хэвлэлийн мэдээллийнхэнтэй илүү ойр дотно, нээлттэй байж, ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн төлөө тууштай хүчин зүтгэж ирсэн Н.Алгаагийн The Mongolian Mining Journal сэтгүүлд 2008 оноос хойш өгсөн ярилцлага, нийтлэл, байр сууриуд, олон улсын хөрөнгө оруулалтын Дисковер Монголиа, Mine Tech зэрэг чуулган, үзэсгэлэн, орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ (сэтгүүлийн дэргэдэх)  төслийн сургалт, Mining Journal Awards-ын мэргэжлийн Шүүгчээр ажиллаж  байсан үеийн фото зургуудыг сэтгүүлийн Редакц эмхэтгэсэн номоо  хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр өргөн барьлаа.

                                                                                                                                                                                                                                      Г.Идэр