Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ

Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын  тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг  маргааш /10.20/  МУИС-ийн Номын санд зохион байгуулагдах гэж байна.  Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд “Өнгөрсөн ба Одоо”, “Асуудал ба Шийдэл”, “Одоо ба Ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвээр үргэлжлэх юм. Хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга, доктор Б.Уянга “Геологийн салбарын ололт амжилт”, Үндэсний Геологийн Албаны Геологийн судалгааны хэлтсийн дарга Р.Болд-Эрдэнэ “Геологийн судалгааны ажлын түвшин, үр дүн, тулгамдаж буй асуудал”,  АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүн”, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавина.     

Мөн үдээс хойших хэлэлцүүлэгт Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй  тус зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, эрдэс баялгийн салбарын бизнесийн орчны судалгаа, хайгуулын геофизикийн судалгааны шинэ технологиуд ба чиг хандлага, ашигт малтмалын хэтийн төлөв зэрэг сэдвүүдээр илтгэгчид мэдээлэл хийх юм.

Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн арга хэмжээ “Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд-GIMAR 2022”, баярын хүлээн авалт, геологичид ба гэр бүлийн явган аялал” зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ хэмээн Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл мэдээллээ.       

                                                                                                                                                                                                                                         Г.Идэрхангай