Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

AmCham Mongolia: Оюу Толгой төсөл Монгол Улсын эдийн засаг өсөхөд нөлөөлнө    

Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (AmCham Mongolia) сар бүр зохион байгуулдаг ээлжит  хэлэлцүүлэг өнөөдөр  “Surviving or Thriving in 2023” сэдвийн хүрээнд “Блю Скай” зочид буудалд боллоо. Энэ удаагийн уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны  (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгч Ханнас Такач, Монгол банкны  Санхүүгийн зах зээлийн газрын  хэлтсийн захирал О.Одгэрэл, Азийн хөгжлийн банкны   Монгол Улсыг хариуцсан захирал Равит Рамачандран нар оролцлоо. Хэлэлцүүлгээр  Монгол Улсын  2023 оны эдийн засгийн төлөв, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон гарц шийдлүүдийн талаар илүүтэй хөндөн ярилцсан юм.

ЕСБХБ-ны тойм судалгаагаар, Монгол Улсын эдийн засаг 7%-иар өсөх үзүүлэлттэй гэсэн өөдрөг төсөөллийг харуулж байгаа бөгөөд үүнд Оюу Толгой төсөл нөлөөлөхөөр байна. Ирэх оны эхний улиралд улсын гадаад өрийг шийдэх шаардлагатай учраас инфляцийн түвшин нэмэгдэж болзошгүй, харин оны сүүлийн хагасаас эдийн засаг тэлэхээр байна гэсэн төсөөлөлтэй байгааг тус банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Ханнас Такач онцоллоо. Оюу Толгойн далд уурхай бүрэн олборлолтоо хийж эхэлснээр ам.долларын орлого нэмэгдэх төлөвтэй, түүнээс гадна дэлхийн зах зээл дээр ч  зэсийн ханш өсөх хандлага ажиглагдаж байна гэж тэрээр тодотгосон. Монгол Улсын эдийн засаг сэргэхэд аялал жуулчлалын салбар нөлөөлж болзошгүй бөгөөд хөдөө аж ахуйн салбарт ч мөн сэргэлт бий болох дүр зураг харагдаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Тэгвэл Дэлхий банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андоей Михнев “Бидний хувьд Монголын эдийн засаг тийм эерэг төлөвтэй харагдахгүй байна. Энэ бүхэн гадаад болон бусад нөхцөл байдлаас хамаарна. Тийм учраас Дэлхийн банк ирэх жил 4,9%-ийн өсөлттэй эдийн засгийн төлөв байдлыг харж байна.   Хамгийн гол бэрхшээл бол Монгол Улсын гадаад өр” хэмээн ярилаа.

Монгол Улсын 2023 оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед хэлэлцүүлэгт оролцогчид Засгийн газар бондын төлөлтийг шинэ бонд босгох байдлаар хүүг нь бууруулах биш, төсвийн бодлогоо мөнгөний бодлоготой уялдуулж ажиллах нь чухал байна гэлээ.

 

Г.Идэрхангай